Орон сууцны нөхцлөө сайжруулахыг хүссэн 20 гаруй алба хаагчдад батламж гардууллаа

2016 оны 3 сарын 23

 

Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр БХЯ, ЗХЖШ-аас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна. 2015 онд нийслэл төдийгүй орон нутагт ажиллаж амьдарч байгаа олон цэргийн алба хаагч орон сууцны нөхцлөө сайжруулж чадсан жил байсан. Өмнөх онуудтай харьцуулахад хамгийн цэргийн алба хаагч орон сууцанд орж чадсан юм. Харин энэ удаа батлан хамгаалах салбарын удирдлагууд орон сууцны зээлэнд хамрагдах хүсэлтэй алба хаагчдынхаа урьдчилгаа 10 хувийн төлбөрийг нь буцалтгүй тусламжаар олгож байна. "Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр", "Цэргийн алба хаагчийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаал гаргаж ипотекийн зээлд хамрагдаж байгаа алба хаагчдынхаа 10 хувийг буцалтгүй тусламжаар олгож байгаа ажээ. Эрхэлсэн ажилдаа амжилт бүтээлтэй, тогтвор суурьшилтай, орон сууцны нөхцлөө сайжруулах шаардлага зэрэг тодорхой шалгуур байгаа гэнэ.

 

Энэ талаар Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн барилгын мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг дараах тодруулгыг авсан юм.
-Орон сууцны нөхцлөө сайжруулахаар ипотекийн зээлд хамрагдаж байгаа батлан хамгаалах салбарын алба хаагчдын 10 хувийг буцалтгүй тусламжаар олгоно. Тухайн алба хаагч байраа өөрөө сонгож, зээлээ хөөцөлдөнө. Орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь гэж үзвэл 20 хувийг өөрсдөө, 10 хувийг нь тусламжаар олгох боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн цэргийн алба хаагч өөрөө орон сууцаа сонгоод зээл авахыг хүссэн банктайгаа ярьж, тухайн банкныхаа зээлийн хорооноос "Энэ хүн зээлээ эргэн төлөх боломжтой учраас манай банк зээл олгоно" гэсэн батламж гарсны дараа Батлан хамгаалахын сайдын тушаалаар нэг алба хаагчдад 6.5 сая төгрөгийн урамшуулал олгоно. Алба хаагч болгоны 10 хувь харьцангуй өөр, өөр ч гэсэн нэгдсэн байдлаар ижил төвшинд 6.5 сая төгрөг олгоно. Энэ хөтөлбөрийн анхдагч болж өнөөдөр 20 гаруй алба хаагч батламжаа гардаж байна. Цаашдаа орон сууцны нөхцлөө сайжруулах гэсэн 100 гаруй хүнд үргэлжлүүлэн олгох тооцоо бий. Цэргийн, энгийн гэж ялгахгүй, батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүн бүхэн энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой гэв.

 

"Батлан хамгаалах салбарын нийгмийн хамгаалал хөтөлбөр", "Цэргийн алба хаагчийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон 2016 оны гуравдугаар сарын 22-нд 20 гаруй цэргийн алба хаагчдад урьдчилгаа төлбөр болох 6.5 сая төгрөг олгох й батламж гардуулах ёслол Батлан хамгаалах яаманд боллоо. Батламжаа гардан авахаар ирсэн цэргийн алба хаагчдын олонхи нь залуучууд байсан юм.

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон батламж гардуулсны дараа алба хаагчдад хандаж үг хэлэв. 
-Цэргийн алба хаагчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлд тусламж үзүүлэх шийдвэрийн анхдагч нь та бүхэн болж батламжаа авч байна. Бидний бодлого бол цэргийн алба хаагчдыг бага залуугаас нь тэр дундаа цэргийн албанд орсноос нь эхлэн орон сууцны хуримтлал бий болгох, тодорхой хэмжээний хуримтлал бүрдүүлчихээд орон сууцанд ордог шинэ журам руу шилжүүлнэ гэсэн бодлого баримталж байна. Манай цэргийн алба хаагчид олон жил олон газар томилогдож, албан тушаалын орон сууцанд амьдраад тэтгэвэртээ гарахаар орон сууцгүй болдог зовлон бэрхшээл бий. Цаашдаа ийм байдлаас ангижрахын тулд алба хаагчдаа хувийн орон сууцтай болгох дэмжлэгийг баримталж байна. Өнөөдөр завшаантай, бэлэгшээлтэй зүйл харагдаж байна. Батламжаа авахаар ирсэн залуусын маань дунд нуган үрээ тээж байгаа хоёр хөл хүнд бүсгүй байна. Алба хаагчдынхаа гэр бүлийг орон сууцны нөхцлөө сайжруулахад батлан хамгаалах салбарын зүгээс анхаарч яваа шүү гэдгээ энэ дашрамд дахин онцлох учиртай. Та бүхэн өөрсдийн сонгосон хувийн орон сууцандаа өнөр өтгөн болж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай" хэмээн ерөөсөн юм.

 

 

Ингээд батламж гардан авсан алба хаагчдын сэтгэгдлээс хуваалцлаа.

 

Б.Тэнүүнбаяр:
-Намайг Б.Тэнүүнбаяр гэдэг, Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн тэргүүн ахлагч. Зэвсэгт хүчинд 20 дах жилдээ ажиллаж байна. БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудад алба хаагчдынхаа нийгмийн асуудалд бодитой ажил зохиож байгаад талархал илэрхийлье. Хань маань бас цэргийн алба хаагч болохоор бид өдөр, шөнөгүй ажил гээд завгүй явах үе олонтаа. Одоо харин орон сууцанд орох боломж бүрдэж байна. Байраа би өөрөө хайсаар байгаад сонгосон. Тэгээд банк зээл өгнө гэхээр нь урьдчилгаа 10 хувьд нь хөнгөлөлт үзүүлээч гэж хүсэлт гаргасны үндсэнд өнөөдөр батламжаа гардан авч байна.

 

Ахлах дэслэгч н.Тогмид:
-Батлан хамгаалах яамнаас залуу цэргийн алба хаагчдаа орон сууцтай болгоход нь дэмжлэг үзүүлж байгаад баяртай байна. Миний хувьд 2010 онд сургуулиа төгсөөд Зэвсэг хүчинд ажиллаж байгаа. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Өнөө маргаашгүй дахин шинэ хүн хүлээж авахаар догдлон сууна даа. Орон сууцны нөхцлөө сайжруулснаар гэр бүлдээ санаа зовох зүйлгүйгээр ажиллах боломжтой болж байна.

 

Ахлагч Н.Саранзул
-Манайх хашаа байшинд амьдардаг. Орон сууцтай болохсон гэсэн мөрөөдөлтэй шахам ажиллаж амьдардаг байсан. Харин БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын гаргасан шийдвэрээр орон сууцны нөхцлөө сайжруулах боломжтой болж байна. Миний хувьд сувилагч, цэргийн гээд хос тангарагтай хүн. Цаашдаа Зэвсэгт хүчнийхээ, бусдын эрүүл энхийн төлөө ажиллаад л байна даа" гэсэн юм.