Волейболчид осолд орсон тамирчдад шагналынхаа мөнгийг хандивлав

2016 оны 3 сарын 23

Өвөрхангай аймаг руу тэмцээнд оролцохоор явж байсан волейболын тамирчдын машин осолдож, гурван хүүхэд нь газар дээрээ нас барж, гурван хүүхэд хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг өнгөрсөн пүрэв гарагт гарсан. Үүнтэй холбогдуулан, Монголын волейболын залуучуудын холбооноос өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багуудад шагналын мөнгөө осолд орсон тамирчдын эмчилгээний зардалд хандивлажээ. Осолдсон тамирчид “D” зэрэглэлийн тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өсгөн боловч нутгийн тэмцээндээ оролцохоор боллоо гэсэн мэдээг утсаар мэдэгдсэн аж.

Энэ талаар Монголын волейболын залуучуудын холбооны тэргүүн Ч.Отгонбаяр өөрийн цахим хуудсандаа, “Сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бүх багууд 100 хувь дэмжиж осолд орсон тамирчдын эмчилгээний зардалд шагналын мөнгөө хандивлахаар боллоо. Сонирхол нэгт нөхдөдөө хүндэтгэлтэйгээр хандаж, дуу нэгтэйгээр нэгдэж чадсан волейбол сонирхогчдодоо маш их баярлалаа. Бид ч бас зохион байгуулалтын зардлаа хэмнэж реклам сурталчилгаа, анонс болон илүү зардлаа бүгдийг нь хасч талийгаачдын ар гэрийнхэнд болон эмнэлэгт байгаа тамирчдад хандивлахаар боллоо. Волейболчид бид нэг нэгэндээ тустай, дэмтэй байна гэдэг хамгийн чухал. Нийт волейболчиддоо маш их баярлалаа. Мөн Өвөрхангай аймгийн тэмцээнд оролцохоор явсан Сант сумын шигшээ багийн тамирчдад нийт волейболчдын өмнөөс найз нөхөд, гэр бүр төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.” гэжээ.


Тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон бөгөөд нийт 24 баг оролцож, шагналын мөнгөө хандивлахыг дуу нэгтэйгээр зөвшөөрчээ. Мөн тэмцээний зохион байгуулалтад, Өвөрхангай аймгийн оюутны холбоо, Хөгжлийн төлөө ТББ-ыхан сайн дураараа тусалсан юм.

Өвөрхангай аймгийн оюутны холбооны төлөөлөл Л.Даариймаа:

-Монголын волейболын залуучуудын холбооноос “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж,  шагналын мөнгөө тэмцээнд оролцохоор явж байгаад осолдсон тамирчдын эмчилгээний зардалд хандивлах гэж байгаа гэдгийг сонсоод бид маш их баярласан. Тиймээс бид ч гэсэн чадах зүйлээрээ тусалъя гэж бодоод тус холбооны тэргүүн Ч.Отгонбаяртай холбогдсон. Бидний хүсэлтийг хүлээж авсан учраас бид хоёр өдрийн турш тусаллаа. Сэтгэгдэл маш өндөр байна. Волейболын спорт тамирчдыг яасан гоё амь нэгтэй, хүнлэг болгодгийг өөрийнхөө нүдээрээ харж мэдэрлээ. Энэ тэмцээнд оролцсон бүх тамирчиддаа болон Монголын волейболын залуучууд холбооны хамт олонд Өвөрхангай аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Манай Өвөрхангай аймгийн залуучуудын холбоо ч гэсэн аймгийнхаа залуучуудын дунд ийм тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаа учраас аймгийн залуучуудаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

 

Монголын Волейболын залуучуудын холбооны Тэргүүн Ч.Отгонбаяр:

-Волейболын спорт бол багийн спорт. Зөвхөн талбай дээр нэг баг болж тоглохоос гадна амьдрал дээрээ ч нэг нэгнийгээ хүндэлж хайрлах сэтгэлтэй болгодог сайхан спорт. Тиймдээ ч волейболчид маань хүсэл зорилгодоо хөтлөгдөн, дуртай спортоо тоглохоор явж байгаад зарим амиа алдаж, зарим нь хүнд гэмтэл авсан гэдгийг сонсоод бид маш их цочирдож, харамссан. Монголын Волейболын спорт 3 тамирчнаа алдаж 3 тамирчин нь дахиж тоглож чадах үгүй нь мэдэгдэхгүй байгаа хэцүү үед бид зүгээр залбираад суух биш, туслах ёстой, нэгдэж хөдлөх ёстой гэж бодсон. Тиймээс тэмцээнд оролцож байгаа 24 багийн ахлагч, дасгалжуулагчдыг уриалж эмчилгээний зардалд нь шагналынхаа мөнгийг хандивлахаар болсон. Спорт бол эв нэгдэл гэдгийг манай волейболчид харуулж чадсан. Бидэнд маш сайхан эрч хүч өгсөн. Манай холбоо байгуулагдаад удаагүй байгаа ч олон тэмцээн уралдааныг зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээн бусад тэмцээнүүдээс маш их онцлогтой байлаа.

 

Сонгинохайрхан Андууд багийн тамирчин Д.Даваамаа:

-Монголын волейболын залуучуудын холбооноос зохион байгуулсан “D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд ороод манай баг түрүүллээ. Шагналынхаа мөнгийг Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явж байгаад осолдсон тамирчдын эмчилгээний зардалд хандивлалаа. Тамирчдынхаа эмчилгээний зардалд бага ч болов хувь нэмэр оруулж байна гэж бодохоор сайхан байна. Энэ санаачилгыг гаргасан Монголын волейболын залуучуудын холбооныхондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Багууд ч их сайхан хүлээж авсан. Тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон. Бүх юм сэтгэлээсээ байсан болохоор сэтгэгдэл өндөр байна.  Эмнэлэгт байгаа гурван тамирчиндаа хурдан эдгээд волейболчид биднийхээ дунд хурдан ирээрэй гэж хэлмээр байна.

 


 

“D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээний Алтан медалийн эзэд

"Сонгинохайрхан Андууд" баг

 

“D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медалийн эзэд

"Төв Цээл" баг

 

“D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медалийн эзэд

"Төв Заамар" баг

 

“D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээний Алтан медалийн эзэд

"IBT center" баг

“D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медалийн эзэд

"Зорчигч тээврийн нэгтгэл" баг

 

 

“D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медалийн эзэд

"Three nice" баг

 

“D” зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчид

"Three nice" багийн холбогч" Х.Нармандах, "IBT" center багийн довтлогч Н.Төрболд,  
"Төв Цээл" багийн довтлогч Э.Анужин,  "Төв Заамар" багийн холбогч Б.Уянга 
 

Ч.ТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна