Брюсселийн халдлагыг ИУ хүлээв

2016 оны 3 сарын 23

 

Брюсселийн Завентем нисэх буудал болон Европын холбооны байрны ойролцоо метроны буудалд дараалан бөмбөг дэлбэлсэн хэргийг алан хядагч ИУ бүлэглэл үйлдсэнээ мэдэгджээ.

 

Нисэх буудалд зорчигчид өчигдөр өглөө онгоцонд суухаар бүртгүүлж байхад нэг амиа золиослогч бөмбөг дэлбэлж, бас нэг этгээд тэсрэх бөмбөгтэй цүнхийг зорчигчид руу шидсэн нь тогтоогджээ. Үүнээс бараг 40-аад минутын дараа хотын төвд метроны буудал дээр машинд бас нэг бөмбөг дэлбэрсэн байна. Дараалан бөмбөг дэлбэлсэн халдлагын үеэр 35 хүн амиа алдаж олон арван хүн шархаджээ.

 

Брюсселийн мөрдөгчид халдлагын гол гурван сэжигтний зургийг нисэх буудлын камераас шүүж олж авсан бөгөөд эрэн сурвалжилж байна. Мөрдөгчдийн сэжиглэж буйгаар тэдний хоёр нь амиа золиослогч, харин гуравдах нь халдлагын зохион байгуулагч гэнэ.

 

Нисэх буудал, метронд бөмбөг дэлбэрсэн хэргээс хойш Брюссель хот даяар цагдаа сэжигтнийг эрэн сурвалжилж, нэгжлэг явуулсны дүнд Схарбек дүүргийн нэгэн байшингаас гар бөмбөг, химийн бодис болон ИУ бүлэглэлийн туг зэргийг олжээ.

 

Европын аюулаас хамгаалахын ажилтнууд томоохон халдлага болох гэж байгааг хэдэн долоо хоногийн өмнөөс мэдэж, ИУ халдлага явуулахаар идэвхитэй бэлтгэж байгааг анхааруулсан байна.

 

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 13-нд Парист гарсан халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг саяхан Брюсселээс баривчлахад мөрдөгчид тэр халдлагагад маш олон хүн оролцсон бөгөөд тэдний зарим нь одоо ч чөлөөтэй явж байгааг сануулж байсан юм.

 

Бельгийн Ерөнхий сайд Чарльз Мишел ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Амгалан тайван, эв нэгдэлтэй” байхыг уриалж, гурван өдрийн гашуудал зарласан байна.

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хэлэхдээ "Өнгөрсөн жил Парист. Одоо Брюссельд халдлага гарлаа. Энэ халдлагууд бүгд нэг эзэнтэй” гэсэн байна.

 

Брюсселийн нисэх буудалд бөмбөг дэлбэрсэн нь Европын орнуудад заналхийлэл бодитоор нүүрлэж байгааг дахин баталсан тул нисэх буудал, тээврийн сүлжээнүүдэд аюулгүй байдлыг өндөржүүлсэн арга хэмжээ авч байна.

 

Парисын халдлагын сэжигтэн Салах Абдесламын баривчилгаа болон Брюссель дэх бөмбөг дэлбэлсэн хэргүүд хоорондоо холбоотой гэдэгт мөрдөгчид эргэлзэхгүй байгаа гэнэ. Учир нь Абдеслам баривчлагдахдаа тэд дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байсан тухай мэдүүлэгтээ өчсөн юм.

 

Бельгийн хууль сахиулагчид түүний мэдүүлэгт эргэлзээгүй учир нь эхний мөрдөн байцаалтын үеэр их хэмжээний зэр зэвсэг олсон бөгөөд түүний эргэн тойрны бүх хүнийг баривчилсан билээ. Бельгийн хууль сахиулагчид халдлага гарах гэж буйг мэдсэн ч Брюссельд болно гэж таамаглаагүй байжээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна