А.Гансүх гишүүн болох уу?

2016 оны 3 сарын 23

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг УИХ-ын ээлжит бус чуулганаар эргүүлэн татсан. Харин энэ асуудлаас үүдэн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Дээд шүүхээс өөрийг нь Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх  санал гаргасан байна. Цэц нь нийт есөн гишүүнтэй бөгөөд гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ, үлдсэн гурвыг нь Дээд шүүхээс санал болгож УИХ томилдог юм. Р.Гончигдорж нь парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүний нэг юм. Харин тэрбээр энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болох хүсэлтэй байгаа аж.

Хэрэвзээ түүний саналыг Дээд шүүх хүлээн авч улмаар УИХ-д өргөн барьж, улмаар УИХ баталгаажуулбал Цэцийн гишүүн болно гэсэн үг. Энэ тохиолдолд Р.Гончигдоржийн оронд 2012 оны сонгуулиар Ардчилсан намын жагсаалтад бичигдсэн дараагийн хүн нь УИХ-ын гишүүн болох юм. Энэхүү жагсаалтаас харвал УИХ-ын гишүүн М.Батчимэгийн дараа Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал М.Мэдрээ бичигдсэн байгаа юм. Гэхдээ Б.Мэдрээ нь хоёрхон сар хүрэхгүй хугацаанд УИХ-д орох хүсэлгүй байгаа бололтой. Татгалзсан хариу өгөөд байгаа гэнэ. Харин түүний дараа Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед ахлах зөвлөхөөр нь ажиллаж байсан Л.Гансүх бичигдсэн ч “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгтэй холбоотойгоор ял авсан учраас УИХ-ын гишүүн болох боломжгүй. Тиймээс дараагийн хүн болох Б.Ургамалцэцэгт боломж гарч ирсэн ч өөрөө татгалзаад буй сурагтай. Түүний дараа буюу нэрсийн жагсаалтын 14-т УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх бичигдсэн байна. Тиймээс ч түүнийг УИХ-ын гишүүн болгохоор зүтгэж буй аж. Учир нь, А.Гансүх нь Зам тээврийн сайд байхдаа шинэ төмөр зам төслийн хүрээнд их хэмжээний мөнгө шамшигдуулсан, мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй юм. Тиймээс түүнийг гишүүн болгож халдашгүй дархан эрхийн хамгаалалтад оруулах “ажиллагаа” хэзээний эхэлсэн гэх мэдээлэл байна.

Улсын Дээд шүүх УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн хүсэлтийг хараахан хэлэлцээгүй байгаа юм.

С.МӨНХ

2012 оны сонгуулиар АН-аас намын жагсаалтад бичигдсэн  нэр дэвшигчид:

1.    Н.Алтанхуяг
2.    З.Энхболд
3.    Х.Тэмүүжин
4.    Ч.Сайханбилэг
5.    Д.Эрдэнэбат
6.    Ш.Түвдэндорж
7.    Р.Бурмаа
8.    Ц.Баярсайхан
9.    Р.Гончигдорж
10.    М.Батчимэг
11.    Б.Мэдрээ
12.    Л.Гансүх
13.    Б.Ургамалцэцэг
14.    А.Гансүх
15.    Г.Байгальмаа
16.    П.Ганхуяг
17.    Х.Батырбек
18.    Р.Эрдэнэбүрэн
19.    З.Нарантуяа
20.    Ж.Батболд
21.    С.Сувдаа
22.    Л.Пүрэвсүрэн
23.    Ц.Энхтуяа
24.    Б.Баттүвшин
25.    Д.Үүрийнтуяа
26.    Б.Батбилэг
27.    Ц.Оюундарь
28.    Б.Ариунболд

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна