Чадварыг үнэлдэг тогтолцоо буюу Meritocracy

2016 оны 3 сарын 23

Аливаа улс гүрний хөгжлийг ард иргэдийнх нь нийгэмдээ хэрхэн өөрийн боловсрол, авъяас, чадвараа үнэлүүлэн ахиж дэвшиж чадаж байгаагаар тодорхойлж болно. Өнөөдрийн Сингапур улсын хөгжлийн нууц нь meritocracy хэмээх бичигдээгүй дүрэм, нийгмийн соёлыг бий болгож хэвшүүлж чадсантай холбоотой гэлцдэг. Иймээс энэхүү Англи хэлэнд байдаг "meritocracy" хэмээх үгний утгыг судалж та бүхэнтэй саналаа хуваалцахаар шийдлээ.

"Meritocracy" хэмээх үгний үндэс нь Латин хэлний mereo (өөрийн чадлаар аливаа зүйлд хүрэх, "I earn") болон эртний Грекийн kratos (хүч чадал, эрх мэдэл, strength and power) гэсэн үгнүүдээс гаралтай улс төрийн философийн ойлголт юм. Энэхүү ойлголтоор бол хүн аливаа эрх мэдэл, амжилтанд зөвхөн өөрийн авъяас, чадвараараа хүрэх ёстой гэж үздэг. Анх 1958 онд Английн улс төрч, социологич, Майкл Яанг энэхүү ойлголтыг гаргаж ирэхдээ тухайн үеийн Английн нийгмийн элитүүдэд олгогдсон улс төр, нийгмийн давуу талуудыг шүүмжлэн бичсэн байдаг.

Сингапурын хөгжлийн бодлогын нууц жорыг MPH (meritocracy, pragmatism, honesty) буюу чадварыг үнэлдэг тогтолцоо, аливаад прагматик бодитой хандах, үнэнч шударга байдал гэсэн 3 зарчмаар тодорхойлдог. Энэхүү зарчмуудыг хөгжлийн бодлогынхоо цөм болгож чадсанаар Сингапур улс хөгжсөн гэж үздэг. Чадварыг үнэлдэг шударга нийгэм бүтээхэд авилга гэдэг зүйлтэй хатуу тэмцэж төр барьж байгаа хүмүүсийн нөлөөллийг багасгаж хувь хүнд нь өсөн дэвжих боломж олгодог тогтолцоог бий болгож өгч чадсан. Тиймээс ч Сингапурчууд өнөөдөр өндөр боловсролыг хамгийн чухал үнэт зүйл, сайхан амьдрах гарц үздэг байна.

Монголчууд бидний хувьд өргөн уудам нутаг, асар их байгалийн баялагтай атлаа хөгжихөд Монгол хүнээ сайхан амьдруулахад юу саад болоод байгааг бид судалж тунгаан бодох хэрэгтэй болов уу. Өнөөдрийн манай нийгэмд хувийн хэвшилд орж баялаг бүтээхийн оронд төрийг шүтэж төр лүү зүтгэх олон мянган залуучууд гарч иржээ. Ажил хийвэл ам тосдоно биш дарга дагавал юманд хүрнэ гэдэг хууль үйлчлэх болжээ. Төрийн албанд өөрийн хамаатан садан, нутаг нугын хүмүүсээ олноор нь оруулж мэдлэг чадвартай, бие даасан үзэлтэй улсаа хөгжүүлье гэсэн хүмүүсээ үнэлэхгүй болсон байгаа нь харамсалтай.

Монголоо муулж өөрсдийгөө доош нь хийе гэсэнгүй харин манай нийгэмд байгаа энэ тогтсон соёл, бичигдээгүй дүрэм чинь бидний хүсэн мөрөөдөж байгаа Монгол мөрөөдөл, эх орондоо очиж хувь нэмэр оруулъя гэсэн олон мянган хүмүүсийн зүрхийг мохоож Монголдоо бүтээе, дэвшин дээшлэхийг хүсч байгаа хүмүүсийг хохироож байгаа нь харамсалтай. Энэ байдлаас яаж гарах вэ? Энэ асуултанд бид улс төржиж талцалгүйгээр чин сэтгэлээсээ хариулж алдаагаа засах арга замыг хамтран олох хэрэгтэй гэж боддог.

Авилгатай тэмцэж байна гэсэн нэрийдлээр улс төрийн зорилгоор нэг нэгнээ барьж хорин нийгмийг улс төрчид төөрөгдүүлж, авилгатай тэмцэнэ гэдгийг улс төрийн өшөө хонзон авах арга хэрэгсэл болгосныг долоон буудлын Дондог өвөө ч харж ойлгох болсон. Улс төрчид нийгмээ соён гэгээрүүлж авлигаас ангид байх тухай амлалт авч алдаагаа урамсарлаж засах оролдлого харагдахгүй байгаа нь харамсалтай. Үнэндээ авилга, ашиг сонирхлын зөрчил гэдэг өргөн агуулгатай цаашилбал манай улс төрийн тогтолцооны гажуудалтай холбоотой зүйл нь ойлгомжтой.

Саяхан гарсан Сант Марал сангийн судалгаагаар улс төрчдөд итгэх итгэл түүхэнд байгаагүйгээрээ доод түвшинд гарсан байгаа нь харагдаж байна. Бидний сүүлийн 25 жилд бүтээсэн улс төрийн тогтолцоонд ард иргэд итгэхээ больж улс төрд байгаа хүмүүсийн хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл хоёр зөрсөөр удаж байна нь харамсалтай.

Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулж төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэсэн заалт нь үнэт зүйл биш тунхагийн шинжтэй болжээ. Бид үр хүүхэддээ ямар нийгмийг хүлээлгэж өгөх гэж байгаа тухай бодохоор санаа зовохгүй байхын аргагүй. Өнөөдрийн төрийн эрх мэдэл, улс төрийн намын цаана нуугдсан фракц, бүлэглэл, нутгийн зөвлөл зэрэг явцуу эрх ашгийн төлөө явж байгаа байдал нь Монгол улсад маань хэзээ өөрийнхөө боловсрол, мэдлэг, чадвараараа, бор зүрхээрээ, мөнчигрөөрөө яваа энгийн хүмүүстээ өсөн дэмжих боломж олгодог сайхан амьдардаг нийгэм бий болох нь тодорхойгүй байна.

Удахгүй улс төрийн сонгууль болж Монголчууд маань хашаа хороо, жалга довоороо талцах цаг айсуй. Ард түмэнд таалагдахын тулд дуу дуулж бүжиг хийж байгаа хүмүүсийг хараад өрөвдөх юм. Сонгогчдод бэлэг сэлт тарааж саналыг нь худалдаж авахыг санаархаж байгаа хүмүүс төрд гараад шударга ажиллана гэхэд эргэлзээтэй. Бид сонголтоо зөв хийж хүнээ танихгүй байгаадаа алддаг юм шиг санагддаг.

Харвардын профессор, Канадын улс төрч Майкл Игнатеф хэлэхдээ сонгогч бол хаан, сонгогчдын итгэлийг улс төрч хүн бор зүрхээрээ олж авах ёстой. Дарга дагаж жагсаалтын ард нуугдан орж ирсэн улс төрчид ард түмэнээ ойлгох чадвар суугаагүй байдаг нь илт харагддаг. Улс төрд ч гэсэн meritocracy хэрэгтэй байна. Миний хувьд Арчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр 2007 оноос хойш ажиллахдаа манай нам доторхи фракцлах, дарга дагаж гүйдэг, чадвараараа биш мөнгөөр албан тушаалд очдог олон буруу жишгүүдийн хараад яаралтай өөрчлөх хэрэгтэйг ойлгосон. Харамсалтай нь манай улс төрд өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс албан тушаалын шатаар ахих тусмаа бусдыг сонсох чадвараа алддаг. Жинхэнэ манлайлал (authentic leadership) гэдэг зүйл улс төрч хүнд дутагдаж байгааг хардаг.

Залуучууд бид улс төрд яагаад орох гээд байгаа ард түмнийг төлөөлнө гэдэг ямар утга учиртай болохын сайн ойлгож зөв үзэл, бодол, зорилготойгоор улс төр, нийтийн албанд зүтгэж чадвал Монгол улс маань Сингапур бүр түүнээс ч сайхан хөгжих боломжтой гэж итгэдэг. Харвардын их сургуулийн профессор Билл Жоржийн жинхэнэ манлайлал номондоо хэлэхдээ хамгийн хэцүү зүйл бол өөрийгөө удирдах гэж хэлсэн байдаг. Улс төр, нийгмийн төлөө зүтгэж байгаа хүмүүс нь үнэт зүйл, зарчимдаа үнэнч байж алсын том зорилгоо харж улс орноо зөв жолоодож чадвал Монгол мөрөөдөлдөө хүрэхэд тийм ч хэцүү биш болов уу гэж найдаж байна.

Та бүхэн саналаа бичээрэй,

Хүндэтгэсэн: Б.ОТГОНБАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна