Бразилийн ерөнхийлөгч огцрохгүй гэв

2016 оны 3 сарын 23

 

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русефф Конгресс түүнд итгэл үзүүлэх асуудлаар санал оруулах гэж буйг төрийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгджээ.

 

Дильма Русефф хууль тогтоогчид болон шүүгчдийн өмнө хэлсэн үгэндээ “Ардчилалд аюул заналхийлж байна. Төрийн эргэлт гаргах оролдлого гаргуулахгүй” гэж хатуу мэдэгдэхдээ тэрбээр өөрийгөө ямар ч хууль бус зүйлд хутгалдаагүй, бас огцрохгүй” гэжээ.

 

Бразилийн сөрөг хүчин хатагтай ерөнхийлөгчийг төсвийн алдагдлыг нуун далдлахын тулд улсын нэрээр хуурамч данс бий болгосон хэмээн буруутгаж, огцрохыг шаардаж байгаа юм.

 

Бразилд цэргийнхэн засгийн эрхэнд байх үед улс төрийн хилс хэрэгт шоронд хоригдож байсан Дильма Русефф 14 сарын өмнө ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ.

 

Гэвч эрх баригч Хөдөлмөрчдийн намын гишүүдтэй холбоотой хээл хахуулийн хэргүүд түүний нэр хүндийг сэвтүүлж эхэлсэн юм.

 

Бразилийн Конгрессын доод танхимын дарга Эдуардо Куна арванхоёрдугаар сард Дильма Русеффт итгэл хүлээлгэх асуудлаар санал хэлэлцэхийг зөвшөөрсөн.

 

Харин Дильма Русефф "Үүнд тохирох нэг л үг бий. Төрийн эргэлт” гэжээ.

 

Бразилд цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш 21 жилийн дараа 1985 онд Ардчилал тогтсон. Тус улсын ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва 2003 онд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн цагаас хойш Хөдөлмөрчдийн нам тус улсын эрх баригч нам хэвээр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Дильма Русефф ерөнхийлөгч асан, хээл хахуулийн хэрэгт холбогдсон Луис Инасиу Лула да Силваг Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилсон нь түүнийг гэмт хэргээс нь хаацайлах гэсэн арга гэсэн шүүмжлэл дагуулсан юм. Мөн Бразилийн шүүх Дильма Русеффийн томилгоонд хориг тавьсан билээ. Уг асуудлаар Бразилийн Дээд шүүх эцсийн шийдвэрийг энэ сарын сүүлчээр гаргах юм.

 

Сөрөг хүчин Дильма Русеффийг хээл хахуул, мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэж буй Лулаг өндөр албан тушаалд томилж, хэргийг нь хаацайлж байна гэж буруутгасан. Учир нь Бразилийн хуулинд зааснаар Засгийн газрын гишүүдийг зөвхөн Дээд шүүх мөрдөн шалгах эрхтэй байдаг ажээ.

 

Төрийн өмчит Петробас газрын тосны компанитай холбоотой хэргээр шалгагдаж байгаа Бразилийн ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва Lula 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна