Архангай аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцав

2016 оны 3 сарын 23

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.23/ Архангай аймагт ажиллахдаа тус аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Төрийн банкны Архангай салбар нь аймгийн 1 салбар, 19 тооцооны төвтэй, нийт 20 салбар нэгжтэй 99  ажилтантайгаар банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлж байгааг салбарын захирал Б.Соёлмаа танилцуулсан юм. Тус салбарын нийт зээлийн багц 25.4 тэрбум төгрөг бол татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 17 тэрбум юм байна.

Засгийн газрын тогтоолоор  тус салбараас зээл авсан 2200 малчин өрхийн 4.9 тэрбум төгрөгийн зээл 29.5 хувиас 18.0 хувьд шилжсэн. Энэ оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Малчны үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй болгосон. Өнөөдрийн байдлаар 60 харилцагчид 204.7 сая төгрөгийн зээл олгоод байгаа. Мөн 30 харилцагчийн 80 сая төгрөгийн малчны зээлийг судалж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Архангай аймгийн малчин Б.Базаргүр “Сайн малчин” хөтөлбөрийн шалгуурыг хангаж, жилийн 10 хувийн хүүтэй 4 сая төгрөгийн зээл авсан байна. Ингэснээр 200.000 төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдэлж байгаа аж.

Архангай аймгийн Төрийн банкны салбар ипотекийн зээл авсан 6 харилцагчийн 285 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй болгож шилжүүлжээ. Ингэснээр эдгээр зээлдэгч тус бүр 15-28 сая төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдэлж байгаа талаар салбарын захирал танилцуулсан юм. Цаашид 131 харилцагчийн зээлийн хүүг бууруулах бэлтгэл ажил хийгдэж байгаа гэв. Иргэн Ш.Хүрэлчулуун тус банкнаас 50 сая төгрөгийн ипотекийн зээл авсан бөгөөд зээлийн хүү 5 хувь болж буурснаас 20 сая төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт эдэлж байгаа талаар Улсын Их Хурлын даргад дуулгаад “Ард иргэддээ бодит дэмжлэг болсон шийдвэр гаргасан Улсын Их Хурал, Засгийн газарт талархаж байгаагаа хэлмээр байна” гэлээ.

Үүний дараа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллан, орон нутгийн цаг үеийн мэдээлэлтэй танилцсан юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Эрдэнэбулган сумыг хотын статустай болгож өгөх хүсэлтийг албан ёсоор гардуулав. 

Мөн УИХ-ын дарга Эрдэнэбулган сумын долдугаар багийн "Тамир" хорооллын үйл ажиллагаатай танилцав. Тус хороолол нь инженерийн шугам сүлжээ, цэвэр бохир усанд бүрэн холбогдсон 356 айл өрхтэй болохыг УИХ-ын даргад танилцууллаа. Оршин суугч Ш.Заяасайхан нь "Тамир" хороололд нүүж ирснээр хөдөө орон нутагтаа тохь тухтай амьдрах бүрэн бололцоо хангагдсан хэмээн хэлж байв. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Я.Санжмятав болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс ажиллалаа.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна