&#34Битүү дээвэртэй талбайд бэлтгэлээ хийхийг хүсдэг&#34

Хуучирсан мэдээ: 2016.03.22-нд нийтлэгдсэн

&#34Битүү дээвэртэй талбайд бэлтгэлээ хийхийг хүсдэг&#34

Монгол Улсын хоккейн шигшээ баг Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болсон “Asian challenge cup-2016” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. Тэд өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд шигшээ багийн дасгалжуулагч А.Мэргэнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө та бүхэнд “Asian challenge cup” тэмцээнээс дөрөв дэх хүрэл медалиа хүртсэнд баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээний талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Баярлалаа. Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо “Asian challenge cup-2016” тэмцээнд Монгол Улсын хоккейн шигшээ багийнхан амжилттай оролцоод ирлээ. Тус тэмцээнд Тайваны баг түрүүлж, АНЭУ, Монгол Улсын шигшээ багууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Тайланд, Сингапурын багууд сүүлийн байруудыг эзэлсэн. Бидний хувьд шийдвэрлэх сүүлийн тоглолтоо Тайландтай хийж, 7:3 онооны давуу байдалтайгаар хожсон. Энэхүү хожил бидэнд тус тэмцээний дөрөв дэх хүрэл медалийг авчирлаа. Бид хэдийгээр эхний тоглолтуудад АНЭУ, Тайваны багт хожигдсон ч Тайланд, Сингапурыг хожин медальт байрт орлоо.

-Манай тамирчдын хувьд медалийн өнгөө хувиргах боломж байв уу? Энэ удаагийн тоглолтоос та бүхэн ямар дүгнэлтэд хүрсэн бэ?

-Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн бэлтгэлдээ гарсан. “Asian challenge cup-2016” тэмцээнд оролцохын өмнө ОХУ-д болсон бөмбөгтэйн хоккейн дэлхийн аваргад оролцож, IV байр эзэлсэн. “Asian challenge cup"-с бид гурван жил дараалан хүрэл медаль аваад байсан. Тиймээс медалийнхаа өнгийг хувиргах хүсэлтэй Арабыг зорьсон. Тамирчид маань байгаа бүхий л боломжоо ашиглаад тэмцээндээ явсан. Үнэндээ бол бүгд хувийн зардлаар явна гэдэг бол амаргүй. Бид энэ спортод дуртай, үүнийхээ төлөө багахан ч болов амжилт үзүүлэх гэсэндээ тэмцээнээс тэмцээн рүү шантрахгүй явсаар байна. Энэ удаа Тайланд, Сингапурын багуудыг хожиж, АНЭУ, Тайваны багт хожигдоо. Бидэнд хожлоо ахиулах боломж байсан. Энэ удаа медалийнхаа өнгийг хувиргах бодол байсан ч Тайвань, АНЭУ-ын багууд хүчтэй байлаа.

-Энэ удаагийн шигшээ багийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?

-Бөмбөгтэй хоккейн дэлхийн аваргад явсан баг бүрэн бүрэлдэхүүнээр явсан. 7-8 өсвөрийн шилдэг тамирчдыг багтаа авсан. Тэмцээнд явахын өмнө ОХУ-д очиж бэлтгэл хийсэн. Тэнд 17-18 настай залуучуудтай тоглож үзлээ. Аль болох боломжоо ашиглаад тэмцээн, уралдаанд явсаар байна.

-Тэмцээний үеэр тоглолтын дараа шилдгүүдийг шалгаруулж байсан. Манай багаас хэн хэн энэхүү шагналыг авч байсан бэ?

-Тоглолтын тухайд бид хоёр хожил, хоёр хожигдолтой тэмцээнийг дуусгасан. Ер нь тухайн тоглолтын дараа багтаа шилдэг тоглолтыг үзүүлсэн тамирчдыг шалгаруулдаг. Бид эхний тоглолтод Сингапурыг 11:0-оор хожиход MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчоор Б.Эрдэнэсүх шалгарсан. Мөн тоглолтын шилдэг гоолуудыг И.Алтангэрэл, Г.Тамир, Ж.Баярсайхан, Н.Мишигсүрэн нар авсан.  

-Азийн хоккейчдын хөгжил сүүлийн жилүүдэд өндөр хөгжөөд ирлээ. Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн Тайваны багийг ямар тэмцээн хүлээж байгаа вэ?

-Тайваны баг ирэх дөрөвдүгээр сард болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Тэд маш сайн болсон байна. Азид хоккейн спорт өндөр хөгжөөд ирлээ. БНСУ, Япон гээд хүчирхэг багууд олон байна. Араас нь олон баг гараад ирлээ. Одоо Филиппин, Вьетнам хүртэл энэ спортод анхаарлаа хандуулж, мөсөн ордонтой болчихлоо. Азийн хоккейн холбоонд 17 гишүүн орон байдаг. Филиппин, Вьетнам, Тажикстан нэмэгдэж байна. Мөн Непаль улс гишүүн орноор орох хүсэлтээ гаргасан гэсэн.

-Манай оронд өвлийн спортын төрлүүдэд хөгжих боломжтой гэдгийг тэшүүр, хоккей харуулаад эхэллээ. Магадгүй та бүхэн жилийн турш бэлтгэлээ хийх талбайтай байсан бол амжилтаа ахиулах боломжтой байлаа гэж харж байна.

-Монголын хоккейн шигшээ баг бөмбөгтэй хоккейн ДАШТ-д БНХАУ, Самоли, Чех, Украин, Нидерландыг хожиж, шилдэг дөрвөн багт үлдсэн. “Asian challenge cup-2016”-д Тайланд, Сингапурыг хожлоо. Төр засгаас дэмжлэг багатай энэ спортод бид хүчин зүтгэсээр байна. Үнэхээр шантармаар, хаямаар үе байдаг. Гэлээ ч Монголын баг тамирчдын амжилтыг олон улсад гаргах хүсэл зориг биднийг хурцалсаар байна. Бид өнөөдрийг хүртэл жилийн турш бэлтгэлтэй байдаг тамирчидтай өрсөлдсөөр. Бидний төр засгаасаа хүсээд байгаа зүйл бол битүү дээвэртэй мөсөн талбайтай болох. Мөсний ордон гэхээр их хүнд тусгаад байх шиг байна. Зөвхөн бидэнд жилийн дөрвөн улиралын турш бэлтгэлээ хийх мөсний бэлтгэлийн битүү заал байхад болно. Бэлтгэлийн төвийг барихад хамгийн багадаа 700 сая орчим төгрөг орно гэсэн судалгаа байгаа юм билээ. Бид хэтэрхийн тансаг зүйлийг хүсээгүй. Мөсөн талбайтай бэлтгэлийн төв баригдсанаар уран гулгалт, тэшүүр гээд өвлийн олон спорт хөгжих боломжтой.

-Монголын хоккейн шигшээ багийн тамирчдын дараагийн тэмцээн хэзээ вэ?

-2016 оны хаврын тэмцээн дуусаж байна. “Asian challenge cup-2016”-д хүрэл медаль хүртсэн бидэнд ирэх онд Сингапурт болох өвлийн наадмын урилга ирсэн. Үүнд оролцох эсэхийг сайн мэдэхгүй байна.

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж