Таксины жолоочийн мэдүүлэг тус болжээ

Хуучирсан мэдээ: 2016.03.23-нд нийтлэгдсэн

Таксины жолоочийн мэдүүлэг тус болжээ

 

Брюсселийн алан хядагчдын дэлбэлж амжаагүй гурав дахь бөмбөгийг тэднийг хүргэж ирсэн таксины жолоочийн мэдээллээр олжээ. Онгоцны буудалд дэлбэрэлт болсоныг сонссон жолооч цагдаагийнхантай холбогдож, тэдгээр алан хядагчийг өөрийн таксигаар онгоцны буудал хүргэж өгсөн байж магадгүй тухайгаа хэлжээ. Онгоцны буудлын хяналтын камерт үлдсэн дүрсэд үндэслэн алан хядагчид гурван ширхэг тээштэй байсан гэж цагдаагийнхан таамаглаж байсан юм. Харин таксины жолооч зорчигчид үүнээс илүү тооны тээштэй байсан гэдгийг хэлсэн байна. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн эрэл хийж дэлбэлээгүй гурав дахь бөмбөгийг олжээ.

 

Таксины жолооч мөн зорчигчдын анх суулгасан газрыг зааж өгсөн байна. Зорчигчид том овортой цүнхийг таксинд ачааны хэсэг рүү хийх гэсэн боловч тэнд зай байхгүй байсан учраас жолооч том ачааг ачихаас татгалзжээ. Жолоочийн хэлсний дагуу цагдаагийнхан алан хядагчдын амьдарч байсан газраас дэлбэлэх төхөөрөмж, химийн бодис, мөн Исламын улс бүлэглэлийн туг зэргийг олжээ.

 

Мягмар гаригт Бельгийн нийслэл Брюссельд болсон гурван удаагийн дэлбэрэлтийн улмаас 34 хүн амь үрэгдэж, 200 гаруй хүн шархадсан юм. Дэлбэрэлтийн хариуцлагыг Исламын улс бүлэглэл өөр дээрээ авч байгаагаа мэдэгдсэн билээ.

 

А.ШАРАВ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж