Манай жуулчид Индонез руу визгүй зорчдог боллоо

2016 оны 3 сарын 23

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ 2014 онд байгуулагдсан цагаас эхлэн тус улсад визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсыг багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд 2015 онд болсон Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын Анхдугаар хуралдааны үеэр энэхүү асуудлыг судлахаар тохиролцсоны дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор тус улсад визгүй зорчих орнуудын дотор Монгол Улсыг оруулсан байна.

2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор монголын талын саналыг нааштай хүлээн авч манай иргэд энэ оны 3 дугаар сарын 22-ноос эхлэн Индонез руу 30 хүртэлх хоногийн хугацаанд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой боллоо.

Монгол Улсын иргэд Индонезид зорчихдоо тус улсын хилийн хянан шалгах цэгүүдэд хүчин төгөлдөр паспорт, 30 хоногийн дотор буцах тийз болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан хуудас үзүүлэх шаардлагатай юм.

Бизнес болон хэвлэл мэдээллийн шугамаар Индонез руу зорчих тохиолдолд виз авах шаардлагатай болохыг тус ЭСЯ-наас анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна