Н.Энхбаярыг Ц.Цолмон, З.Баянсэлэнгэ нар батлан даажээ

2016 оны 3 сарын 23

Авлигатай тэмцэх газрын байцаагчид өчигдөр /2016.03.22/ МАХН-ын дарга Н.Энхбаярыг Төрийн ордонд байх үед байгаа газарт нь очиж мэдүүлэг авъя гэсэн утгатай албан бичгийг аваачиж өгсөн билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг "Өчигдөр буюу 2016 оны гуравдугаар сарын 22-ны өдөр АТГ-ын Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий байцаагчид иргэн Н.Энхбаярыг Төрийн ордонд байхад нь очиж, албан бичиг аваачиж өгсөн. Энэ талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийж байна” гэсэн юм.

Иргэн Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагийн хувьд хуулийн байгууллага дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй гэдгийг АТГ-аас тайлбарлалаа. Тус газраас өнөөдрийг хүртэл  Н.Энхбаярт нийт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлжээ.  Улмаар АТГ-ынхан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт байцаалт өгөх албан бичиг аваачиж өгсөн байна.

Мөн АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Учир нь, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар иргэн Н.Энхбаярыг дуудсан цагт хариуцан ирүүлж байх үүргийг бичгээр авсан байна. Харин АТГ-ынхан Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд дайрж орсон гэх мэдээлэлд АТГ-ын хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Дайрч орсон асуудал байхгүй. Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий байцаагчид иргэн Н.Энхбаярт Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор мөрдөн байцаагч түүний байгаа болон товлосон газарт очиж уулзах саналыг хүргүүлсэн. Авлигатай Тэмцэх Газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна