ХАА-н салбарт үйлдвэрлэл хэрэгтэй байна

2016 оны 3 сарын 23

Хүнс хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци үндэсний чуулган болж байна. Хөдөө аж ахуйн салбарыг бодитой хөгжүүлэхийн тулд мэдлэгт суурилсан инноваци нэвтрүүлж, түүнийгээ үр ашигтай үйлдвэрлэл болгох шаардлагатайг энэ салбарынхан хэллээ. Мөн одоогийн хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ чанарыг сайжруулах олон төрлийн гарц олсноо хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид онцолж байна.  Жишээлбэл, импортыг орлосон, эмчилгээгүй болсон хавдрын өвчнийг бүрэн эмчлэх бүтээгдэхүүнийг ингэний сүү, хос бөхт тэмээнд байдаг уурагт бодис гэж гадны эрдэмтэд тогтоожээ. Одоо зөвхөн үүнийгээ боловсруулж, бүтээгдэхүүн болгох ёстой аж. Мөн бэлчээрээ тахлалгүй, малаа эрүүл өсгөж, хариулж чадвал монголын малын гаралтай бүтээгдэхүүний экспорт үсрэнгүй нэмэгдэнэ гэж салбарынхан нь тооцжээ. Газар тариалангийн тухайд технологийн шинэчлэлийг хийчихвэл аяндаа чанартай, үр ашигтай үйлдвэрлэл болоод хөгжих юм байна.

56 саяар тоологдох малтай мөртөө Монгол Улс өвдсөн малаа эмчлэх эм, тариагаа импортоор авдаг. Энэ нь монголчууд мал эмчлэх ухаанаа олохгүйдээ биш, шаардлагатай бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэх хөрөнгө, түүнийг дэмжих төр байхгүйтэй холбоотой юм. Хүн, малын хамгийн их хэрэглэдэг эм бол үрэвслийн эсрэг антиботик. Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэд энэ эмийг өөрсдийнхөө нөөц бололцоод тулгуурлан цөөхөн хэдийг үйлдвэрлэж гаалийн татвар шингээгүй үнээр худалдаалдаг. Үүнээс гадна дотоодынхоо жилийн хэрэгцээний малын вакцин, оношлуурын 60 хувь, эмийн 60 хувийг хангахуйц технологийг боловсруулжээ. Боломж гарвал түүнийгээ энэ салбарт үйлдвэрлэл эрхэлдэг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарна гэсэн хүлээлттэй сууна. Харин газар тариаланд дэвшилт гаргасан бүтээгдэхүүн бол Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалж, үйлдвэрлэсэн ганд тэсвэртэй буудайн “Дархан 144, 131 гэсэн” сорт. Өнгөрсөн зуны гангаар тус сортын үрээр тариалсан буудай хатаж, гандаагүй байна. Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн тухайд техник, технологио шинэчлэхгүй бол шинээр бүтээгдэхүүн гаргаж, үйлдвэрлэнэ гэдэг хэцүү болжээ.

Дээр дурдсан бүтээгдэхүүнүүд бол зөвхөн жишээ. Эдгээрийн цаана дотоодын хэрэгцээгээ хангах жинхэнэ органик, байгалийн гаралтай бүтээгдэхүүн олон байна. Иймээс цаашид Монголын төр шинжлэх ухаан, үйлдвэрлэлээ дэмжиж мөнгөгүй гацсан эрдэмтэн, судлаачдын хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай юм. Нэгэн зэрэг бүгдийг нь дэмжих биш аажим аажмаар хөнгөлөлттэй зээл олгох зэргээр алхам алхмаар урагшилбал Монголд мөнгө олох, гадагшаа урсах төгрөгийг хэмнэх олон арга бийг эрдэмтэд санууллаа.

БЭЛТГЭСЭН: Д.УЛАМБАЯР, Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна