Берлинд Монголын түүх, соёлын тэнхим байгуулна

2016 оны 3 сарын 23

Гадаад хэргийн яамнаас долоо хоног бүр хийдэг мэдээллийн цагаа зохион байгууллаа. Мэдээллийн эхэнд өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан олон улсын хэмжээний хурлын талаар танилцууллаа.

Гуравдугаар сарын 16-нд ГХЯ, Норвеги улстай хамтран “Байгалийн баялгийг зөв зохистой ашиглах нь” олон улсын семинар, 17, 18-нд “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт семинар, 21, 22-нд “Ази дахь ардчилсан шинэчлэл”  семинарыг зохион байгуулжээ.

Хоёр дахь асуудал нь Герман, Монголын соёлын хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа ажил юм. Тухайлбал, Берлин хотод дэлхийн олон үндэстнүүдийн соёл, урлаг, түүхийн ордон сүндэрлэх гэж байгаа аж. Энэ ордонд олон улс өөрийн соёл, уламжлал, түүхийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавих юм. Монгол Улсын хувьд энэ ордонд өөрийн улсын соёл урлаг, соёлын өв, архив, түүх дурсгалын бүтээлийг харуулсан тэнхим байгуулахаар болжээ. Одоогоор концепцын шатандаа явж байгаа гэлээ. Нэн тэргүүнд тус тэнхимд Монголын онцлогийг харуулсан ямар бүтээл дэлгэхээ хэлэлцэж байгаа аж. Тэнхимийг 2019 онд нээхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна Герман улстай хамтран Хархорум хотын 800 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөсөн байна. 2020 онд Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ой тохиох юм. Энэ хүрээнд дэлхийн орнуудад тархсан, Хархорум хоттой холбоотой түүхийн материал, соёлын өв, дурсгалыг нэгтгэн 2020 онд томоохон үзэсгэлэн гаргахаар бэлтгэлээ хийж байгаа аж.

Мэдээллийн цагийн төгсгөлд өчигдөр Бельгийн вант улсын нийслэл Брюссель хотод гарсан дэлбэрэлтэд монгол иргэн өртсөн эсэх талаар тодрууллаа. Гадаад хэргийн яамны өгч буй мэдээллээр Бельгийн вант улсад 1100 орчим монгол иргэн ажиллаж, амьдардаг гэх тооцоо байна. Брюссельд болсон цуврал халдлагад монгол иргэн өртөөгүй гэх мэдээллийг өглөө.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна