Цаг агаар улам хатуу ширүүн болж байна

2016 оны 3 сарын 23

Сэтгүүлч:
Улаанбаатар

Жил ирэх тусам зундаа хэт халж, хуурай уур амьсгалтай болох ирээдүй биднийг хүлээж байгаа талаар өнөөдөр /2016.03.23/ болсон Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хурлын үеэр тайлбарлалаа. Энэ нь сүүлийн жилүүдэд эрс мэдрэгдэж эхэлжээ. Тухайлбал, өнгөрсөн 2015 онд зундаа хэт халж, өвөлдөө эрс хүйтэрч, ганцхан жилийн дотор гамшигт үзэгдлийн тоо олон жилийн дунджаас 35-аар нэмэгджээ.

Энэ нь эргээд хүлэмжийн хийн ялгарал өндөр түвшинд хүрсэнтэй холбогдож байгаа юм. Тухайлбал, өнгөрөгч 2015 онд дэлхийн хойд хэсгийн агаар мандал дахь хүлэмжийн хий болох нүүрс хүчлийн агууламж хаврын улиралд хамгийн өндөр түвшинд хүрчээ. Нэгэнт нөхцөл ийм болсон тул бид урьдчилан мэдээлэх техник хэрэгслийн хангамжаа бэлдэж, ирээдүйд ирэх хэт халуун, хуурай уур амьсгалд бэлтгэлтэй байхаас өөр аргагүй гэдгийг албаныхан хэллээ.

Ийнхүү хэт халалт, хуурай ширүүн уур амьсгал зонхилох нь бэлчээр болон газар тариаланд эрсдэлтэй нөхцөлийг дагуулах талаар ч энэ үеэр ярилаа. Нэгэнт зундаа хэт халж, шороон шуурганы давтамж нэмэгдэж хатуу ширүүн уур амьсгалтай болох нь тодорхой учраас газар тариалангийн техник, технологио одооноос бэлдэж, шинэчлэх, мөн идэгч ашиглагч бус хамгаалагч хайрлагчийн байр сууринаас хандах хэрэгтэйг санууллаа.

Цаашид ч зундаа хэт халж, өвөлдөө цас их унадаг болох юм байна. Ийм нөхцөлд бэлчээрийн мал аж ахуй, усалгаагүй газар тариалан эрхлэх ажлыг өмнөх шигээ зөвхөн цаг агаарын мэдээнд найдаж зохицуулдаг байдлаас салах хэрэгтэйг санууллаа. Гол нь технологи, ажилтнуудын мэргэшил дээр ч давхар анхаарах цаг үе ирснийг энэ үеэр онцолсон юм. Мөн цаг агаарын урт хугацааны прогноз, урьдчилсан мэдээ гаргах арга технологийг шинэчлэх шаардлага тулгарсныг уламжилж байлаа.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна