Махны нийлүүлэлтийн нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна

2016 оны 3 сарын 23

Монгол Улсад нийт 60 гаруй махны үйлдвэр байдаг бөгөөд тэдний тал нь гадагшаа мах экспортлох эрхтэй юм. Гэвч ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон орон руу цөөн нэр төрлийн, бага  хэмжээний мах нийлүүлэх боломж яригдаж эхэлсэн нь сүүлийн жилүүдэд гараагүй дэвшил ч, цаашид энэ үйлдвэрүүд бизнесийнхээ хүрээг тэлэх шаардлагатай болсныг Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав онцолж байна. Мөн тэрбээр дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний махны экспорттой байхын тулд мах үйлдвэрлэгчдийн менежментийг ярьж, тодорхойлох нь чухал гэж тайлбарлалаа. Иймээс өнөөдөр мах экспортлох бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд “Махны экспортын төрийн бодлого” хэлэлцүүлэг өрнүүллээ. Өнгөрсөн өвөл малчид зуд болох сургаар малаа нядалж, нийслэлийн махны нийлүүлэлт энэ хэрээр гурав дахин нэмэгдсэн. Мөн махны үнэ дөрөв дахин буурсан. Гэхдээ энэ бол байнга өрнөх тохиолдол биш. Иймээс нийтийн өмчийг хувьдаа ашиглаж буй 500-гаас дээш малтай малчид малын хөлийн татвар төлж, малаа эрүүл байхад анхаарах зэргээр бизнесмэн, малчин, төр, худалдан авагчид аль алинд нь ашигтай махны нийлүүлэлтэд чиглэсэн нэгдсэн бодлоготой болох шаардлагатайг Б.Лхагважав хэллээ.

Жилдээ 85 сая тонн махны хэрэглээтэй БНХАУ руу Монгол Улс нэг жилд 300 орчим мянган тонн буюу урд хөршийн жилийн хэрэглээний 0.05 хувийн махыг экспортлохоор болсон. Хоёр улсын Засгийн газар хооронд хийсэн гэрээний дагуу өнгөрсөн хоёрдугаар сард Монгол Улс анх удаа Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор 16 тонн махыг БНХАУ руу гаргасан юм. Бургастайн боомт нь тэгш тоотой саруудад ажилладаг учир махны экспортын нийлүүлэлт удааширсан. Иймээс Монголын тал БНХАУ-ын Засгийн газарт мах гаргах боомтоо нэмэгдүүлэх саналыг тавихаар болжээ.

Өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг ирж Монголд ажиллаад баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, зөвхөн Бургастайн боомтоор экспорт хийхээр болсон билээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна