“Дарханы хөгжил-2016” олон улсын форум болно

2016 оны 3 сарын 23

Сэтгүүлч:
Дархан- Уул

Энэ 3-р сарын 28-29-ний өдрүүдэд Дархан хотод болох олон улсын эдийн засгийн форумын өмнө Дархан-Уул аймгийн Засаг Дарга А.Энхболдтай ярилцав.

-Дарханчууд “Хамгийн сайхан хот” гэдэг дуутай. Таныхаар “Сайхан хот” гэж ямар хотыг хэлэх вэ?

            -Дархан  бол “Залуусын” бас “Найрамдал”-ын хот. Хотыг байгуулахад Унгар, Польш, Болгар, Герман, Чех, Орос, Герман  улс, тэдгээрийн мэргэжилтэн залуус, өөр өөрийн орны онцлог бүхий үйлдвэрүүдийг байгуулж, Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн залуусыг сурган, хамтран ажиллаж, тэднийг даган барууны соёл, хөгжлийн шинэ уур амьсгал  Монголд, Дархан хотод нутагшиж байсан түүхтэй. Ийм түүхтэй, онцгой хот Монгол улсад байхгүй.

            Залуу насны цог жавхаа, хийж бүтээхээр жигүүрлэсэн залуус энд цуглан, найзлан нөхөрлөж, насны ханиа олж, гал голомтоо бадрааж байсан гайхам түүхтэй хот. Миний аав, ээж хоёр ч энэ залуусын нэгэн байж, би энд, энэ сайхан хотдоо төрж өссөн. Энэ л залуусын үргэжлэл болсон өнөөгийн Дарханчууд бидэнд хотоо Монгол улсдаа тэргүүлэгч хөгжилтэй болгох боломж бүрэн бий. Тухайлбал Дархан хот маань ОХУ, Хятад улсыг холбосон эдийн засгийн коридор буюу Хятадуудын ярьж буй “Нэг бүс – Нэг зам” хөтөлбөрт багтаж байна. Зам дагаж хөгжил гэдэг. Энэхүү зангилаанд оршиж буй нь бидэнд том давуу тал. Яг энэ замыг даган хурдны зам, төмөр зам, өндөр хурдны шилэн шугам сүлжээ, нефть хийн хоолой тавигдах юм.

            Мөн баруун талаасаа ОХУ – Казахстанаас баруун аймгууд, Эрдэнэтийг дайран орж ирэх төмөр замын сүлжээний төсөл дэмжигдсэн. Энэ нь Дархан-Уул аймаг дангаараа төвийн бүсийн хөгжлийг тодорхойлогч болох боломжтойг харуулж байна. Уул уурхай хөгжсөн Эрдэнэт, ОХУ-тай чөлөөт эдийн засгийн сүлжээ бүхий Сэлэнгэ аймаг, байгалийн үзэсгэлэнт газар бүхий аялал жуулчлалын таатай бүс нутаг Хөвсгөл аймаг зэрэгтэй автозамаар холбогдсон байгаа нь Дархан хот эдгээр урсгалуудын зангилаа, Төв цэг байх юм гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл ачиж буулгах ложистикийн төв, уурхай үйлдвэрлэлийн чөлөөт бүс, худалдаа үйлчилгээний төв болох боломж бий. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ийм жишгээр хөгжсөн түүх олон байдаг. Жишээ нь, Хятадын Шанхай хот, Сингапур, Хонгконг гэх мэт.

            Дарханд ийм боломж бий. Ер нь Дарханы бүтээн байгуулалтыг дагаж, Эрдэнэт, Сэлэнгэ хөгжих юм. Манайд Үйлдвэр технологийн паркын төсөл хэрэгжиж байна. Бид нээлттэй эдийн засгийн чөлөөт бүс болчихвол ҮТП-аа дагуулан олон үйлдвэрүүдээ хөгжүүлэх боломжтой. 2009 оноос хойш яригдаж 2012 онд зөвшөөрөл нь олгогдсон энэ төсөл хангалттай үр дүнд хүрээгүй л байна. Иймээс бид бүтцийг нь өөрчилж, хувийн хэвшил болон төрийн оролцоотой болгож, хөрөнгө оруулагчдад таатай байх, нөгөө талаар орон нутгийн хөгжилд ашигтай байх нөхцлийг бий болгохоор ажиллаж байна.

            -Та сая Дархан-Уул аймаг гэхээсээ Дархан хот гэж илүүтэй ярьлаа. Таны бодлоор Дархан хот хэмээн нэрлэгдэх болон аймаг статусын хооронд хэр их ялгаа байна?  

            -Ганцхан хоттой улс гэж Дэлхийд байхгүй. Дархан бол хот байх ёстой юм. Угаасаа ч хот юм. Энд амьдралын хэв маяг, соёл, боловсрол, үйлдвэрлэл, хөгжлийн үзүүлэлтүүд гээд бүх талаараа хот. Аймаг статусын сул тал гэж ярих нь илүүц биз. Харин Дархан хот төвийн бүс нутгийн хөгжлийн төв байх ирээдүй бий.

            -Дарханд ирэгсэд стрессгүй, тайван гэдэг. Гэвч эргээд хөгжил рүүгээ, хөл хөдөлгөөн рүүгээ яардаг. Энэ нь хоёр талтай. Бизнесийн орчин байхгүй, ажил олддоггүй гэдэг, гэвч нөгөө талаасаа стрессгүй байх нь Дарханы давуу тал ...

            -Дэлхийд хотын хүн амын хамгийн зохистой тоог таван зуун мянга гэж үздэг. Үүнээс ихэдвэл өнөөх түгжрэл, бохирдол гэх мэт таагүй асуудлуудтай тулгардаг гэдэг. Өнөөдөр Улаанбаатарт энэ бүхэн нүүрлэж, “толгойны өвчин” болоод байна. Харин одоогоор эдгээр асуудал манай хотод алга. Гэвч бид эртнээс эдгээр асуудлуудад бэлдэж, бодлоготойгоор үйл ажиллагаагаа явуулах нь чухал. Жишээ нь Хабитат, Мангирт хорооллын алдаатай төлөвлөлт нь шинэ Дарханыг утаатай болгох аюулыг дагуулж байна. Зүй нь инженерийн дэд бүтцийг нь шийдсэний дараа газар олголтыг хийсэн бол энэ асуудал үүсэхгүй байсан. Одоо эдгээр хорооллуудаас мөнөөх “утааны аюул” нүүрлэсэн. Иймээс бид зогсонги байдалтай байсан “Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г саяхан хийж дуусгаад ИТХурлаар батлууллаа. Үүнийг манай хотын газрын анхны “Үндсэн хууль” хэмээн ойлгож болох юм. 15 жил хэрэгжих 5-6 боть бүхий энэхүү бодлогын баримт бичигт Дарханы бүх нутаг дэвсгэрийн газрыг инженерийн тооцоотойгоор судалж, тусгай хэрэгцээний газар, цэвэр усны хамгаалалт бүхий газар, намгархаг хөрс, барилга барихад тохиромжтой газар гэх мэтээр тодорхойлон дүгнэн гаргасан. Цаашид гагцхүү энэ баримт бичгийг үндэслэн газар олгох асуудлыг шийдвэрлэнэ.

            Ийм судалгаагүйгээр газар олголтын асуудал явагдаж байснаас, хот төлөвлөлт алдагдах аюултай байлаа. Одоо л цэгцэнд нь оруулж, хотоо хот шиг болгох нь чухал юм. Иймээс бид хот төлөвлөлт, архитектурын зөвлөх баг авч ажиллуулж байгаа. 

            -Таныхаар хөгжил гэж юу вэ? Өндөр өндөр байшин барилгуудаар хөгжлийг тодорхойлох нь оновчтой юу? Ер нь эко, стрессгүй хөгжлийн загварыг бий болгох боломж Дарханд бий юу?

            -Хөгжил гэдэг зөвхөн барилга байгууламжуудаар тодорхойлогдохгүй ээ. Хүн ардын аятай тухтай ажиллаж амьдрах, хөгжих бүхий л боломж нөхцлүүдийг хэрхэн хангаж байгаагаар хөгжил тодорхойлогдоно. Мэдээж хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, архитектурын төлөвлөлт бүхий барилга байгууламжуудтай байвал сайхан. Үүний зэрэгцээ хүн ард нь сэтгэл тэнүүн, ирээдүйдээ итгэлтэй, дэлхийн хөгжлийн хурдтай хөл нийлүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах орчин бүрдсэн байх нь чухал.

            Дархан хот маань хүн амын тооны хувьд зохистой хэмжээнд байж, хот төлөвлөлтөө оновчтой зөв хийчихвэл зам талбай, урсгал ус, ногоон байгууламж, амрах орчин зэргийг уусган байгуулах боломжтой. Бид ийм болох зөв бодлогын суурийг тавьж байж цааш зөв явна.

            Ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжид таатай байлгах үүднээс бид шинээр баригдаж буй барилгуудад зөвшөөрөл олгохдоо эргэн тойрныхоо 50м.кв талбайд ногоон орчин бий болгох шаардлагыг тавина. Зам дагуух модод бүхий талбайг зүлэгжүүлж, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хөрсийг чийгшүүлэх, ард иргэдийн амрах орчныг таатай болгох зорилгоор хиймэл гол бий болгохоор төлөвлөж байна. Мөн автомашингүй гудамж төслийн хүрээнд Нари группын хөрөнгө оруулалтаар Сүрэнгийн гудамжнаас Оюутны хотхон хүртэлхзам талбай орчныг тохижуулж, нар салхины эрчим хүчээр ажиллах гэрэлтүүлэг бүхий ногоон гудамж, эрүүл,хөдөлгөөнтэй амьдралын хэв маягт нийцэхдугуйн зам зэргийг хийхээр бэлтгэж байна. Энэхүү дугуйн зам нь бүх үйлчилгээний төвүүдийг холбож,явган хүний замыг дагуулан 12 км тавигдах бөгөөд дугуйгаар зорчих хүсэлтэй иргэн бүрийн тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талархлыг хүлээсэн, хүсэн хүлээж буй бүтээн байгуулалт болох юм.

            Түүнчлэн Хятад улсын “Нари” группын хөрөнгө оруулалтаар цахилгаан станцаас гарч буй үнсийг цэвэрлэн байгальд ээлтэй бүтээгдэхүүн болгож Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрийг түүхий эдээр хангах, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Тахь ко” ХХК ахуйн хог, хаягдлыг худалдан авч хямд өртгөөр эрчим хүч гарган ойр орчмын газруудад нийлүүлэх үйлдвэр гэх мэт байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх төслүүд яригдаж байна.

            Ингэснээр Дархан маань ногоон орчин бүхий хот байхаас гадна байгальд ээлтэй амьдрах хэв маяг, технологийг нутагшуулагч жинхэнэ эко хот буюу бидний ярьж, хүсч, тэмүүлж байгаа эрүүл эко хөгжлийн загвар болох боломжтой юм.

            -Тун удахгүй таны санаачлагаар “ДАРХАНЫ ХӨГЖИЛ-2016” олон улсын форум зохион байгуулагдах гэж байна.Энэ арга хэмжээнээс ямар хүлээлт байгаа вэ?

            -Тийм ээ, төсөв хөрөнгө хүнд байгаа энэ цаг үед хийж бүтээе, бага цаг хугацаанд их зүйл амжуулъя гэвч хөрөнгө мөнгөний асуудалтай байнга тулгарч байна. Гэвч зүгээр суух эрх байхгүй. Би энэ нутгийн хүү. Энэ сайхан Дархан хотдоо төрж өссөн. Дарханчууд бие биенээ андахгүй мэддэг. Намайг мэддэг, аав ээжийг минь мэддэг ах дүүс мэт болсон олон Дарханчуудын надаас хүлээх хүлээлт их байгаа. Тиймээс байгаа бүх боломжиндоо тулгуурлан, дутуугаа нөхөх, орон зайгаа тэлэх хүсэл эрмэлзэлээр энэ ажлыг санаачлан эхлүүлээд байна. Жил бүр уламжлал болгон зохион байгуулж, энэ өдрүүдэд Монгол улс, дэлхий нийтээр Дарханруу анхааран хардаг, сонсдог өдрүүд байх, бодитой хөрөнгө оруулалтууд орж ирж, бүтээн байгуулалт хийгддэг, бид хөгжлийн хувьд нэг алхам урагшилдаг байхыг хүсч байна.

            Форумын үеэр бид Дарханыхаа бүтээн байгуулалтын тодорхой төслүүдээ танилцуулж, эрх зүй, эдийн засгийн таатай нөхцлүүд, боломжуудын талаар ярих болно. Зүгээр нэг хоол идсэн, хуралдсан, үзэж харлаа, судлая гээд явах биш, нэг үйлдвэрт хөрөнгө оруулах гэрээ байгуулагддаг, нэг гудамж өнгө засах төсөл эхлэлээ тавих бодит үр дүнг бид хүлээж байна.

            Төсөв хөрөнгө хараад хийж чадахгүй олон жил мөрөөдөж байсан ажлуудаа ажил болгон үлдээх нь чухал. Энэ л анхны санаа, зорилго, хүлээлт байлаа.

            -Дарханд хөрөнгө оруулах сонирхолууд мэдээж байгаа. Гэвч хүн ам бага, зах зээл жижиг гэсэн эргэлзээ байдаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ? Өөрөөр хэлбэл зах зээлээ тэлэх боломж, бодлогын талаар ...

            -Бид эдийн засгийг тэлэх 4 чиглэлийг харж байна. Нэгд үйлдвэр технологийн парк, хоёрт төмөрлөгийн үйлдвэрлэлийн кластер, гуравт барилгын материалын үйлдвэрлэл, дөрөв дэхийг зоригтойгоор хийчихье гэсэн бодол байна. Энэ бол казиногийн эрх. Заавал муу бүхэн үүнийг дагах албагүй шүү дээ. Тэнд монгол хүн үйлчлүүлэхгүй, тусгай орчин байг. Үүнийг дагаад хөрөнгө оруулалт, менежментийн баг нь орж ирж, магадгүй олон улсын нисэх онгоцны буудал баригдах, гадаадын жуулчдын тоо нэмэгдэх, үйлчилгээний салбар хөгжих болно.

            Олон үйлдвэрүүд нээгдэж, худалдаа үйлчилгээний салбарууд даган орж ирснээр төсөвт бодит хөрөнгө төвлөрөх, ажлын байр нэмэгдэх, зах зээл тэлэх улмаар дээр дурьдсанчлан бид төвийн бүсийн хөгжлийг тодорхойлогч болох юм.

            -Орон нутагт хөрөнгө оруулж байгаа, импортыг орлогч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бизнес эрхлэгчдийг дэмжих ямар нөхцөлүүд байдаг вэ? Ер нь орон нутгийн дотоодын зах зээлээ хамгаалах тал дээр юу хийх вэ?

            -Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд үзүүлдэг олон таатай нөхцөлүүд бий. Мэдээж эдгээрээс гадна манай орон нутгийн хувьд Үйлдвэр технологийн паркийн хүрээнд үйлдвэрлэл эрхэлбэл үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх, газрын татвараас чөлөөлөгдөх, нэмүү өртөг шингэсэн экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл татвараас чөлөөлөгдөх зэрэг боломжууд байгаа.

            Мөн худалдан авах ажиллагааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар сонгон шалгаруулахдаа Монгол улсад үйлдвэрлэсэн, тэр дундаа тухайн орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг давуу эрхтэйгээр оролцуулна гэсэн заалт орсон. Энэ бол маш чухал заалт. Дарханд ажиллаж буй томоохон үйлдвэрүүддээ бид энэ саналыг тавьж байгаа.

            -Зорьж хийж бүтээж, эхлүүлж буй ажлуудын тань талаар сонсох таатай сайхан байлаа. Гэвч “Хөгжлийг муу засаглал гацаадаг” гэдэг. Удахгүй сонгууль болох гэж байна. Хотын засаглал, түүний залгамж халааны талаар та ямар бодолтой байна вэ?

            -Улс төрийг хоёрдугаарт, захиргааны ажлаа нэгдүгээрт тавиад явъя гэсэн бодлоор л ажиллаж байна. 9-р сард ажил авснаасаа хойш богино хугацаанд ихийг амжуулах гэж, өдөр бүр шөнийн 12 цаг хүргэж, заримдаа 3-4 цаг хүргэх нь ч бий. Хийчих юмсан, бүтээчих юмсан гэсэн сэтгэлээр ажлууд маань урагшилж байна. Мэдээж сонгууль болох гэж байна. Болдгоороо л болно. Гэхдээ бидний баримталж буй зарчим нэгэнтээ сонгогдсон л бол аль нэг нам энэ тэр гэж талцалгүйгээр гараа бариад урагшаа явъя, сонгуулийнхаа үеэр үзэл бодол, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөе, харин бусад үед хийх, ажиллах, бүтээх зорилго нь энэ нутаг орныхоо төлөө болохоор гараа барилцаад хамтраад хийе л гэсэн бодолтой байна даа. Тиймээс ч ИТХ-ын дарга маань хэдий улс төрийн өөр хүчнээс гарч ирсэн боловч бид хамтраад л ажиллаж байна.

            Жижиг газар улс төржилт хэрэггүй ээ. Ер нь Монгол хүнд тохирохгүй. Бид ард түмний сонголтыг хүндэтгэн, гараа барилцан, хөгжлийн төлөө хамтдаа явах хэрэгтэй.

            -Хөгжлийн энэ онцлог, сонин содон бүхнээрээ дотоодын жуулчлалыг хөгжүүлэх, ер нь  хотоо сурталчлах талаар та юу бодож байна? 

            -Би саяхан Японд ажиллах үеэрээ сумогийн озэки Теранофужитэй өөрөө зорин уулзлаа. Гантулгын Ган-Эрдэнэ хэмээх энэ сайхан бөх залуу бол манай Дархан хотын хүү. Дарханд төрж өссөн. Тэрээр өөрийгөө Дарханых гэж ярих дуртай, аав ээж нь одоо ч Дархандаа, Орхон суманд ажиллаж амьдардаг юм билээ. Би түүнд, чи бол Бурхантын хөндийн хүү, тиймээс заавал ёкозуна болноо гэж хэлсэн. Тэрээр маш их бэлэгшээж, Монгол улс, Дархан хот гэж зарлуулж байхаар болсон. Тэгэхээр Дарханчуудын бахархал болсон ийм эрхэм хүмүүс маань соёлын элч, Дарханаа сурталчлагч байх, тэднээрээ дамжуулан бид хотоо сурталчлах боломжтой юм. Мөн эдгээр урлаг соёл, спортын эздээ бид боломжоороо байнга дэмжиж байх болно. “Эгшиглэнт чимээ” хамтлаг, “Нарны хүүхдүүд” халамжийн төвийхөн, “Шонхоодой” ардын цирк, “Дархан гарьд” сагсан бөмбөгийн баг, дэлхийн аваргын мөнгөн медальт Өнөрболд, Залуучуудын өвлийн олимпийн аварга Сумъяа гээд олон сайхан амжилтын эзэд маань бидний бахархал. Мөн Дархан хотод маань Монголчуудын дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн нэгэн сайхан бахархал байдаг нь үе үеийн гоо бүсгүйчүүд эндээс тодорсон явдал юм. Энэ бүхэн бол манай хотын чимэг. Бид бахархалаа дэлгэн танилцуулж байх нь биднийг хэрхэн хөгжиж байгааг Монгол орон даяар, дэлхий нийтэд хүргэх гүүр болох юм.

            -Олон улсын форумын үйл ажиллагаанд  амжилт хүсье!

Ярилцсан Г.Ганцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна