Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдэд хууль, тогтоомжийн талаар танилцуулга хийв

2016 оны 3 сарын 23

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2016.03.23/ Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоолуудын талаар мэдээлэл өгөв. Намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороод 131 удаа хуралдав. Ээлжит чуулганаар нийтдээ 426 хууль, Улсын Их Хурлын 64 тогтоол баталснаас 29 нь бие даасан хууль байсан бол 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Статистик үзүүлэлтээс харахад, 2012 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нэгдсэн чуулганы хуралдаан 598 хоног үргэлжилж, 1459 хууль, тогтоомж, ээлжит бус чуулганы хуралдаан 3 удаа хуралдаж 48 хууль, тогтоомж баталсан байна.

Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа эхэнд, Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар иргэд сонгогчдод мэдээлэл өгөв. Эрүүгийн хуулийг шинэчлэх шаардлага нь Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар дэлхий нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг нутагшуулах, хорих ял оногдуулах, түүнийг биечлэн эдлүүлэх нь нэмэгдэж, шоронгоос суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэх нь ихэсч нийгэмд аюул учруулж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууд тохирсон ял оногдуулах боломж бага, гэмт хэргийн ангилал, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хатуу хязгаарын хүрээнд ял оногдуулдаг, нийгмийн харилцаанд гарч байгаа шинэ төрлийн гэмт хэргийг хуульчлах шаардлага тус тус гарсан байна. Баривчлах ял нь үндсэн зорилгодоо нийцэхгүй, үр нөлөөгүй байгаа учир Эрүүгийн хуулиас хассан. Гэмт хэргийн зүйл ангид хорих болон хорихоос өөр төрлийн ялыг тусгаж, ялыг сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлсэн гэх мэт ялын бодлогын төрлийн тухай мэдээлэл өгөв. Мөн Зөрчлийн тухай хуулийг танилцуулав. Зөрчлийн тухай хууль нь 1992 оны Захиргааны хариуцлагын тухай хууль, бусад 210 гаруй хуульд заасан 1250 орчим зөрчлийг нэг стандартаар төрөлжүүлэн нэгтгэж тус хуулийг баталжээ.                                                  

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар танилцуулав. Төрийн хүнлэг энэрэнгүй зарчмыг хэрэгжүүлсний үр дүнд 1253 ялтан хорих газраас суллагдаж, 338 хүнд холбогдох хэргийг хүчингүй болгосон. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 81,451 иргэн өршөөлд хамрагдсан. Замын хөдөлгөөний дүрмийн 329,600 зөрчилд оногдуулсан 3,1 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон. Энэ хуулиар онц аюултай гэмт хэрэгтэн, онц хүнд, хүнд болон авилга, албан тушаалын зэрэг 33 гэмт хэргээс бусад гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлснээр Өршөөлийн хуульд нийт 4,340 хүн хамрагдсан.

УИХ-ын дарга З.Энхболд Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Хамтын тэтгэвэрт өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаад нас барсан бол нас барсан иргэнтэй 15 ба түүнээс дээш жил хамт амьдарч байгаад үлдсэн эхнэр, эсхүл нөхөр нь болох  60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй хамрагдах юм. Дээр заасан насанд хүрээгүй бол хамтын тэтгэврийг тухайн насанд хүрсэн үед нь олгож эхлэх бөгөөд эрх нь түүний эхнэр, эсхүл нөхрийг нас барснаас хойш 5 хүртэлх жилийн хугацаанд хадгалагдана. Тэтгэврийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтооно. Хууль хэрэгжсэнээр үлдсэн гэр бүлийн гишүүний нийгмийн хамгааллын баталгаа сайжирч, орлого нэмэгдэх боломж бүрдэнэ гэлээ. Мөн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх Захиргааны ерөнхий хуулийн талаар мэдээлэл өгөв. Захиргааны ерөнхий хууль нь иргэнд ээлтэй захиргаа бий болгох, захиргаа хариуцлагатай, нээлттэй ил тод, нэгдсэн стандарт жишигтэй болгох зорилготой гэв. Үүргээ биелүүлдэг, иргэнээ оролцуулдаг, иргэнээ сонсдог, иргэнд ойртсон захиргаа бий болно хэмээн УИХ-ын дарга хэллээ.

УИХ-ын даргын дараагийн танилцуулсан асуудал нь Монгол Улсын эдийн засгийн зарим асуудал байв. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хамааралтай болсон бөгөөд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн уналт нь манай экспортын орлогод сөргөөр нөлөөлсөн. Дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн уналтаас үүдэн экспортын орлого дангаараа ДНБ-ний 10-15 хувьтай тэнцэж байна. Гадаад үнийн өсөлт, гэнэтийн нэг удаагийн хөрөнгө оруулалтын нөлөөг хараад бид их ажил хийсэн юм шиг буруу ойлголттой байсан. Харин эдийн засаг дахь уул уурхайн бус хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой байсан байна гэлээ. Мөн вальютын ханшны өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Түүнчлэн бондын талаар мэдээлэл өглөө. 2012 онд олон улсын зах зээлээс авсан 1.5 тэрбум ам.доллар, 30 тэрбум иений Чингис, Самурай бондын зарцуулалт, түүний үр ашгийн тайланг танилцуулав. Бондын зарцуулалтын хувьд, аж үйлдвэрийн төслүүд, эрчим хүч, барилга инженерийн дэд бүтэц, авто замд зарцуулсан бондын зарцуулалтын дүнг иргэдэд танилцуулав. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байна. Хатуу хучилттай замын хувьд  1921-2012 он хүртэлх 91 жилд 2,964 км зам барьсан бол 2013-2015 он хүртэлх 3 жилд 2,720 км зам барьсан. Харин 2016 онд 1,284.05 км зам ашиглалтад орж байна.  2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөс санхүүжүүлээд байгаа бөгөөд эдгээр үйлдвэр эрхлэгчдийн зах зээлийг хамгаалах шаардлага бий болсон. Ийм учраас “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг баталсан. Тус хуулийн хүрээнд бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортолдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлнэ. Дэвшилтэт, өндөр технологи бүхий экспортод чиглэсэн судалгаа, хөгжлийн зардлын 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг тухайн үйлдвэрт буцааж олгоно. Экспортын үйлдвэрлэлийг төрөл бүрийн арга хэрэгслээр дэмжих бөгөөд дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой барааны тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглосон гэх мэтээр дотоодын үйлдвэрлэгчид, иргэдээ дэмжих нөхцөл бүрдсэн гэв.

Дараа нь “Монгол цэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөр"-ийн талаар мэдээлэл өглөө. 2012-2015 онд 53 орчим тэрбум төгрөгийн авто зам, бетон гүүр, барилга угсралт, их засварын ажил хийсэн байна. 2016 онд хугацаат цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, төсөвт 24 тэрбум төгрөг суулгалаа. Ингэснээр улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажилд гадаадын ажиллах хүчин бус харин дотоодын нөөц бололцоог ашиглахаар болсон. Энэ хүрээнд хугацаат цэргийн албан хаагчдыг МСҮТ-д нарийн мэргэжлээр суралцуулан бүтээн байгуулалтын ажилд оролцуулна. Ингэснээр хугацаат цэргийн албан хаагчид цэргийн алба хаах хугацаандаа ирээдүйн мэргэжлээ сонгон суралцаж, давхар цалин орлоготой болж, нийгмийн баталгаа нь хангагдах боломж хангагдсаныг хэллээ. Өнөөдрийн байдлаар 46 мэргэжлээр 600 гаруй цэргүүд МСҮТ-д суралцаж байна гэлээ.

Мөн УИХ-ын дарга 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн 8 хувийн хүүтэй ипотектийн зээлийг олгож эхэлсний үр дүнд өнөөдөр 76000 өрх шинээр орон сууцанд орж, жилд дунджаар 1322000 м2 орон сууц ашиглалтад орсон. 2008 онд барилгын салбарт 50 мянган хүн ажиллаж байсан бол одоо 96 мянган хүн ажиллаж байна. Ипотекийн зээлд Өвөрхангай аймагт 1136 өрх хамрагдсан байна. Ипотекийн зээлийн үр ашгийн хувьд зөвхөн 8 хувийн зээлээр байранд орсон айлуудын асуудал биш, харин ипотекийн зээлийн нөлөө нь барилга, барилгын материал, зураг төсөл, дотоод засал, тавилга гэх мэт хоорондоо уялдаа холбоо бүхий цогц асуудлыг хамардаг гэдгийг онцлов. 

Уул уурхай бол манай улсын эдийн засгийн тулгуур биш, харин хөдөө аж ахуйн салбар бол манай улсын эдийн засагт чухал нөлөөтэй. Иймээс ч төрийн бодлогоор Засгийн газраас “Сайн малчин” хөтөлбөрийн баталж, хөтөлбөрт заасан шаардлага хангасан малчид Төрийн банкнаас сарын 0.8 хувийн хүүтэйгээр малчны зээл авах боломж бүрдсэн гэв. Манай улс 56 сая малтай. Гэсэн хэдий ч бид гадаад орнуудаас хүнсний бүтээгдэхүүнээ импортлон авдаг байсан бол сүүлийн 4 жилд энэ байдал өөрчлөгдөж, гадныхан манайхаас авах хүсний хэмжээ нэмэгдэж байна. Энэ онд манай улс БНХАУ руу адууны мах, ясны гурил, бууз банш, түүхий үхэр, хонь, ямааны мах, дулааны аргаар боловсруулсан мах экспортолж эхэлсэн бол ОХУ руу адуу, үхэр, хонь, ямааны мах экспортлохын тулд малчид та бүхэн цаашид малын эрүүл ахуйд онцгойлон анхаарах шаардлагатай. Монголчууд бидний өмнө хөдөө аж ахуйн шинэ боломжууд нээлттэй байна. Эрүүл малтай байж, хөрш орнуудын зах зээл дээр хүчтэй өрсөлдөх ёстой. МАА-н үйлдвэрлэл нь маx, сүү, ноос, ноолуур, арьс ширээр хязгаарлагдахгүй. “Таван толгойд найдаж биш, таван хошуу малдаа найдаж амьдарья” гэлээ. Мөн малчдын хувьд малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 1 жилийг 1 жил 2 сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно. Малчдын тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхол дээшилж, шимтгэлийн орлого нэмэгдэх учир нийгмийн даатгалын санд дарамт болохгүй хэмээн УИХ-ын дарга танилцуулгынхаа төгсгөлд дурдав.

УИХ-ын дарга 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолын талаар Хархорин сумын иргэдэд танилцуулга хийсний дараа тэдний сонирхсон асуултад, хариулт өгөв. Хувийн орон сууц барьсан тохиолдолд таван хувийн зээлд хамрагдах боломжтой эсэх талаар асуухад УИХ-ын дарга З.Энхболд, Завхан аймгийн Алдархаан суманд халуун хүйтэн усанд холбогдсон 80 метр2 хэмжээтэй,  1 метр2–ийн үнэ нь 950 мянган төгрөг айлын хаус таван хувийн зээлд хамрагдах эсэх талаар асууж байсан. Танай суманд мөн энэ асуулт давтагдаж байна. Тухайн хаус стандартын шаардлага бүрэн хангасан, төвлөрсөн дэд бүтэцтэй, халуун хүйтэн устай, Улсын комисс хүлээн авсан тохиолдолд таван хувийн орон сууцны зээлд хамрагдах боломжтой хэмээн УИХ-ын дарга хариуллаа. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д. Тогтохсүрэн, Хархорин сумын Засаг дарга Л. Энхбат, Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд болон албаны бусад хүмүүс байлцав.

Ийнхүү Өвөрхангай аймгийн иргэдэд 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өгснөөр УИХ-ын даргын хөдөө, орон нутагт хийсэн томилолт өндөрлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна