Э.Бат-Үүл: 500 айлыг байртай болголоо

2016 оны 3 сарын 23

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц болон түүнийг тойрсон маргаантай асуудлын талаар өнөөдөр /2016.03.23/ сэтгүүлчидтэй “зангиагүй уулзалт” хийлээ. 

Гурван жилийн өмнө эхэлсэн гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хоёр үе шаттай хэрэгжих аж. Нийслэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхдээ иргэдийн хашааны газрыг үнэ цэнэтэй болгох зорилгыг хамгийн эхэнд тавьжээ. Улмаар тухайн иргэний хашааг байраар солих хамтарсан гэрээ байгуулж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, энэхүү төслөөр Э.Бат-Үүл дарга иргэдэд хашаа нь үнэ цэнэтэй хөрөнгө шүү гэдгийг ойлгуулахыг хүсчээ. Батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлыг төсөл хэрэгжүүлэх 75 хэсэгчилсэн талбайд хуваасан бөгөөд эдгээр нь нийт нэг мянга 506.1 га талбай, 16 мянга 109 нэгж талбарыг хамарсан юм. Энэ нь нийт гэр хорооллын нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын есөн хувь гэсэн үг. Газар чөлөөлөлтийн тухайд 2015 онд орон сууцны барилга, бүтээн байгуулалт, нийгмийн дэд бүтцийн болон инженерийн дэд бүтэц, авто замын барилга угсралтын ажилд зориулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 38 компаниас 21 төсөл хэрэгжүүлэгч нийт нэг мянга 360 нэгж талбарын 86.5 га газрыг чөлөөлжээ. Харин дээрх нэгж талбараас 500 өрхийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан орон сууцаар хангасан аж. Мөн нийт 489 нэгж талбарыг түрээсийн байраар ханган худалдах худалдан авах гэрээний дагуу 371 нэгж талбарыг чөлөөлсөн байх юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй байршилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон бондын хөрөнгө оруулалтаас 2013-2014 онд нийтдээ 147.7 тэрбум төгрөг, 2015 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 40.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Д.УУДАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна