Мэргэжлээ сонгоход нь туслах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

2016 оны 3 сарын 23

Хөдөлмөрийн яам нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 2016 онд “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тус хөтөлбөрийн нээлт өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болж, нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид, эцэг эх, багш нарын төлөөллөөс гадна Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежид мэргэжил эзэмшиж буй залуусын төлөөллөөс бүрдсэн 1000 гаруй хүн оролцлоо.

Хөдөлмөрийн сайдын тодотгосноор ерөнхий боловсролын  дунд сургуулиа төгсөж байгаа сурагчдын 90 хувь нь МУИС, ЭМШУИС, ШУТИС зэрэг төрийн өмчийн томоохон их сургуульд орох хүсэлтэй байдаг аж.  Дэлхий дээр 9000 гаруй мэргэжил байдгаас хүүхдүүд 50 дотор нь эргэлдэж сонголтоо хийдэг. Их, дээд сургуулийн оюутнуудын мэргэжил сонголтыг судлахад 38 хувь нь сонирхлынхоо дагуу мэргэжлээ сонгосон байдаг бол 30 хувь нь мэргэжилдээ дургүй, 12 хувь нь мэргэжлээрээ ажиллахгүй гэсэн хариулт өгдөг. Ажилгүйчүүдийн 14 хувь нь эзэмшсэн мэргэжилд нь тохирох ажил олддоггүй гэсэн шалтгаанаар ажил хайдаг аж. Гэтэл Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд Монгол Улсад хэрэгцээтэй, эрэлттэй мэргэжлээр хүмүүсийг сургадаг, төгссөн нь шууд ажлын байртай болдог байна. Мэргэжил эзэмшсэн ур чадвартай сайн тогооч сард 2-3 сая төгрөг, сайн гагнуурчин 1,5 сая төгрөгийн цалин авдаг аж. Иймээс Хөдөлмөрийн яамнаас хүүхэд залууст хандсан “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Хөдөлмөрийн сайд энэ тухай “Уг хөтөлбөр хэрэгжсэнээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлж, тухайн мэргэжилтэй илүү ойр танилцах боломжийг олгож, сурагчид өөрт сонирхолтой, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлээр суралцах ач холбогдолтой юм. Аав ээжийнхээ ачийг хариулахсан гэсэн хүслийн илэрхийлэл бол аз жаргалтай, амжилт бүтээлээр дүүрэн байгаа амьдралаа харуулж баярлуулах явдал байдаг. Харин тэр аз жаргалыг бүтээх боломж нь ажил, мэргэжлийн зөв сонголт бөгөөд зөвхөн чиний гарт байгаа гэдгийг санаарай” хэмээн хүүхдүүдэд захилаа.

Хөдөлмөрийн зах зээлд шинэ шинэ мэргэжил бий болж, зарим нь мартагдаж алга болдог. Түүнтэй адил зарим төрлийн мэргэжил илүүдэлтэй, зарим нь дутагдалтай байдаг нь улс орны хөгжлийн хурд, зах зээлийн багтаамжаас шалтгаалж буйг хүүхэд залууст таниулан ирээдүйд эзэмших мэргэжлийнхээ чиг баримжааг эртнээс олж авахад энэ хөтөлбөр туслах учиртай. Хөтөлбөрийг  нийслэлийн дүүрэг, аймгууд дахь Хөдөлмөрийн хэлтсээрээ дамжуулан хэрэгжүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт явуулах, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг дэмжихийн хамт зах зээлд эрэлттэй мэргэжлүүдийн талаар мэдээллийг байнга авч болох mergejil.mn цахим хуудас ажиллуулах аж. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дэргэд Ажил мэргэжлийн жишиг төвийг байгуулан үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Энэ хөтөлбөр зөвхөн сургууль төгсөх гэж буй хүүхэд залууст хандсан үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй,  ажил хайж байгаа, эзэмшсэн мэргэжлээр нь ажлын байр олдохгүй байгаа хэн бүхэнд нээлттэй. Өөрөөр хэлбэл, өөр мэргэжил эзэмшихэд нь туслах, ажилгүйдэлд өртсөн шалтгааныг тодруулж, ажил мэргэжлийн чиг баримжааг нь тогтоох ажил ч хийх гэнэ. Хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд ирсэн хүүхдүүдэд зориулан сэтгэл зүйч, доктор С.Наранбаатар мэргэжил сонголтын талаарх “Ханыг хаалга болгох нь” сонирхолтой лекц уншиж, нэхмэлийн технологич, зөвлөх багш А.Баасанхүү “Хөгжлийн үндэс-ажил хөдөлмөр” сэдвээр ярилцлага өрнүүлсэн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна