Брюссель бай болов

2016 оны 3 сарын 24

 

Бельгийн нэгэн улс төрчийн өгүүлснээр “Бельги улс Дэлхийн II дайнаас хойших хамгийн бараан өдрүүдийг туулж байна”.

 

Исламын Улс бүлэглэлийн гишүүн, зартай алан хядагч Жихади Жоний бүлэг Мягмар гаригт Бельги улсын нийслэл Брюссель хотын их хөлийн газрууд болох Завентем олон улсын нисэх онгоцны буудал болон хурдан галт тэрэгний буудал дээр 31 хүний амийг авч одсон цуврал халдлагын хариуцлагыг өөр дээрээ үүрэхээ зарлаад байна.

 

ИУ яагаад Брюсселийг дараагийн Парисаар сонгов?

 

Байршлын хувьд Европын орнууд, хотууд дундаас хамгийн эрсдэл өндөртэй эмзэг хотуудын тоонд Брюссель хот анхнаасаа л багтаж байсан. Учир нь тэнд Европын Холбооны Төв, НАТО-оор зогсохгүй олон улсын зэрэглэлтэй олон агентлаг компаниуд байрладаг. Мөн Бельгийн Засгийн Газар ч мөн адил тэнд л байрладаг.

 

 

Харин ИУ-ын хувьд Бельги улс бол исламистуудыг анхнаасаа олон жилийн туршид хүчтэй эсэргүүцэж ирсэн дайсан улс байжээ. Учир нь Бельги улс бол Европ тивдээ хамгийн олон тооны исламистуудтайн дээр өнгөрсөн жил дор хаяж 500 хүн аяллаар явах нэрийдлээр ИУ бүлэглэлд нэгдэх зорилготойгоор Бельги улсыг орхин гарсан байна.

 

Бельгийн хэд хэдэн хотод ислам шашинтнууд үүрлэж ирсний дотор хамгийн идэвхтэй байсан хотуудын нэгээр Брюсселнээс гадна хотын захын тосгон болох Моленбекийг нэрлэж болно. Энэ нь Морокко үндэстнээр дүүрснээс гадна ажилгүйдлийн түвшин хамгийн өндрөөрөө дээгүүр жагсдаг жижиг хот ажээ.

 

Өнгөрөгч 11-дүгээр сард болсон 130 хүний аминд хүрсэн гэгдэх Парисын халдлагын үеэр дэлбэрэлт явуулсан хэд хэдэн хэрэгтнүүд нар энэхүү жижиг хотод суурьшин амьдарч байсан иргэд байсан байна.

 

Парисын халдлагын дараа амьд үлдсэн гол сэжигтэн болох Салах Абдеслам халдлага үйлдсэнийхээ дараа өдөр Бельги улс руу эргэн орсон гэсэн мэдээлэл байсан бөгөөд тэрээр өдийг хүртэл цагдаагийн байгууллагаас нуугдаж явсаар Моленбек хотын нэгэн камерын бичлэгт өөрийн хамсаатны хамтаар өртсөн нь энэ сарын 18-ны өдөр илэрч Бельгийн тусгай хүчин тэр даруй баривчилсан юм.

 

 

Энэхүү хэрэг явдлаас өмнө Бельгийн ард иргэд үүссэн нөхцөл байдлын хариуд жихадистууд ямар нэгэн алхам хийж магадгүйг  тааварлаж байсан бөгөөд энэ талаар Бельгийн жихадизм судлаач Питер Ван Остаен “Бид ямар нэгэн харамсалтай сорилттой тулгарч магадгүй гэдгээ эртнээс мэддэг байсан боловч арай ч ийм том хэмжээний халдлага үйлдэнэ гэж төсөөлж байсангүй” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.

Яагаад Бельги дэх олон муслимчууд жихадистийн эгнээнд нэгдэв?

 

Европ тивээс Исламын Улсын төлөө байлдан хүчин зүтгэх болсон нийт муслимчуудын тал хувийг Бельги улсыг орхин гарсан хүмүүс дангаараа эзэлж буй юм. Энэ бол бусад аль ч оронтой харьцуулшгүй олон хүмүүс ИУ-д дагаар орсон хэрэг болсон бөгөөд үүнийх нь ч хариуд Бельгичүүд тэднийг хэн хэнээс илүүтэй жигшин зэвүүцэж байсан нь тодорхой билээ.

 

Тэдгээр жихадизмын урсгалын дагалдагч болсон муслим шашинтнуудыг бүгдийг нь зөвхөн Брюссель болон Моленбек хотоос ирсэн гэвэл худлаа. Өмнө дурдсанчлан Бельги улсад шашны энэ урсгалын үүр уурхай болсон хэд хэдэн хот бий.

 

Тэдгээр хотуудын дунд Вервиерс, Вилвоорд болон хамгийн анх ИУ-д дагаар орсон бүлэглэл болох Sharia4Belgium-ийн байршиж байсан Антверп зэрэг хотуудыг нэрлэж болно.

 

/Европын улсуудын 1 сая хүн амд эзлэх ИУ-д орсон дайчдын тоо/

 

Түүхийг эргэн сөхвөл, 1970-аад оны үед Бельги улс Саудын арабчуудаар Брюссель дэх Ислам урсгалын төв болох Аугаа Сүм буюу Great Mosque -ийг бариулсан цагаас хойш тэдгээр исламчуудын үр удам, үргэлжлэл нь Бельги улсад суурьшин үлдсэн түүхтэй аж.

 

Эртнээс төлөвлөв үү, Энгийн нэгэн өшөө авалт байв уу?

 

Мягтар гаригт болсон Брюсселийн халдлага Баасан гаригт илэрсэн камерын бичлэгтэй хамаатай байсан уу? гэсэн асуулт олон хүний толгойд бууж байна. Мэдээж Салах Абдесламийг баривчилсан явдал нь Бельгийн жихадистууд төдийгүй ИУ-ыг тэр чигт нь турхирсан үйлдлээр тооцогдсон бололтой юм.

 

Салах Абдеслам бол Парис халдлагад гол үүрэгтэй ажилласан “чадварлаг террорист” байсан юм. Тэр Бельгиэс Парист ирсэн даруйдаа байшин түрээсэлж, тэсрэх бөмбөг хийх хэрэгслүүдээ өөрөө худалдан авч угсарсан гээд түүний ИУ-д оруулсан гавьяа өндрөөр үнэлэгдэнэ.

 

 

Харамсалт хэргийн талаар Брюссель хотын их сургуулийн профессор Даве Синардет гаргасан дүгнэлтдээ “Энэ бүх болсон явдлыг ажиглаад манай хотод үйлдсэн энэхүү халдлага бол урьдаас төлөвлөсөн байсны дээр хэд хоногийн өмнө болсон баривчилгаагаас болж террористууд өөрсдийг нь мөрдөх ажиллагаа хүчээ авсныг мэдснээр халдлага үйлдэх төлөвлөгөөгөө илүү эрчимжүүлсэн мэт харагдаж байна” хэмээн бичжээ.

 

Бельгийн аюулаас хамгаалах алба хангалтгүй ажилласан уу?

 

Тэсрэх бодисоор дүүрэн гар цүнх барьцгаасан гурван эр Завентем нисэх буудлаар асуудалгүй нэвтэрч, түүнээс цаг гаруйн дараа өөр нэгэн эр хурдан галт тэрэгний буудал дээр бөмбөг дэлбэлж, амиа золилоо.

 

 

Тэгвэл Бельгийн цагдаа нар Парисын халдлагаас хойш хий дэмий хамгаалалтад гарсан болж таарч байна. Учир нь тэд 11-дүгээр сараас хойш хэд хэдэн хотын гудамжаар цагдаагийн бүрэлдэхүүнээ байнга тараан байрлуулж байсан юм.

 

 

Брюссель бол Европ тив дотроо харьцангуй жижиг хот бөгөөд цагдаагийн үйл ажиллагаагаар нь хуваавал нийт 6 дүүрэгтэй жижиг хот юм. Тиймээс энэ хотын хяналтын камерийн систем Лондон Парис зэрэг том хотуудтай харьцуулахад жулдана.

 

Одоо цагдаа нар энэ хэрэгтэй холбоотой гэх хэд хэдэн сэжигтнүүдийг байцааж буй бөгөөд тэдэн дунд Салах Абдусламийн хамсаатан ч бий юм. Мөн цагдаа нарын барьж амжаагүй сэжигтнүүд ч хэд хэд үлдсэн. Тийм учраас дахин ийм халдлага болох уу гэсэн айдас бүх Бельгичүүдийн сэтгэлд үлдээд байна.

 

Г.СҮМБЭЭ

                                                                                                                                                              

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна