Иргэд нэгдэж, газартаа хороолол босгоно

2016 оны 3 сарын 24

Гурван жилийн өмнө эхэлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил цаашид хоёр үе шаттай үргэлжлэх юм. Эхнийх нь гэр хорооллын 24 байршилд барилгын компаниуд газрын эзэнтэй тохиролцож, хотхон хороолол барих. Одоогоор энэ ажил 2444 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан явцтай. Үүнээс газраа чөлөөлсөн 500 өрх буюу 2100 гэр хорооллын иргэд хашаагаа орон сууц болгож, байрандаа орсон байх юм. Ирэх зургаадугаар сар гэхэд дахин төлөвлөлтийн хүрээнд дахин 1104 айлын орон сууцыг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэйгөөр компаниуд барилгын ажлаа үргэлжлүүлж байна. Газар нь дахин төлөвлөлтийн бүсэд багтаагүй гэр хорооллын иргэд дунд хэзээ манай байршилд орон сууц барих болоо гэсэн хүлээлт их болжээ. Иймээс хотын удирдлагууд иргэд өөрсдөө газраа нэгтгээд, бизнесийн төслөө гаргаад, зээл авч орон сууц хороолол, таун хаусуудыг барьж болохыг тайлбарлалаа. Одоогоор дээрх гарцыг гэр хорооллын есөн байршлын иргэд сонгож, газраа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, амьдрах орчноо ямар зураг төсөл, зохион байгуулалттай барих вэ гэдгээ хоорондоо тохиролцон, хэлэлцэж буй юм. Үүнд Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, “Эхлэл” Иргэдийн түр зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, “Оргил”, Баянгол дүүргийн 23-р хороо,”Шинэ шийдэл” Чингэлтэй дүүргийн 17-р хороо, “Ивээл”, Сүхбаатар дүүргийн 13-р хороо “Есөн-Эрдэнэ” Баянзүрх дүүргийн 27-р хороо “Дарь- Эх хотхон” Баянзүрх дүүргийн 19-р хороо “Цайз хотхон”, Хан-Уул дүүргийн 9-р хороо “Нарлаг Буянт-Ухаа”, Баянзүрх дүүрэг 13-р хороо “Газрын эзэн Баянзүрх” төслийн талбарууд багтжээ.  

Иргэд хамар хашааныхантайгаа ярилцаад газартаа хаус барих уу, орон сууц барих уу гэдгээ тодорхойлоод нэгдсэн шийдэлд хүрчихвэл  дэд бүтцийг нь нийслэлээс төсвийн хөрөнгөөр хийх юм. Мөн бусад бүтээн байгуулалтад зарцуулагдах хөрөнгийг нөөц талбайгаа дуудлага худалдаагаар зарж босгох боломж бий. Учир нь энэ сонголт нь  иргэдэд ашигтай аж. “Нөөц газраа дуудлага худалдаагаар зарах, түүн дээрээ орон сууц бариулаад зарах зэрэг боломжууд олон бий. Энэ бүхнийг хөршүүд хоорондоо сайтар ярилцаж төлөвлөлтөө хийх хэрэгтэй” гэж хотын дарга зөвлөлөө. Газраа шинэчилж өөрсдөө газраа хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгээ хамгийн сайн тохирсон эхний байршил бол Хан-Уул дүүргийн есдүгээр хороо “Нарлаг буянт-Ухаа” хотхон. Нийт 271 айл газраа нийлүүлж, 5-9 давхар 1711 айлын орон сууц барихаар болжээ. Зарим өрх нь давхар тухайн газартаа таун хаусуудыг барина гэж тооцоолсон байна. Эдгээр 271 айл ашиглалтад орох 1711 айлын орон сууцаасаа 1540-ийг нь бусдад зарж борлуулаад зээлээ төлж, ашгаа хүртэхээр хаалттай хувьцаат компани хүртэл байгуулжээ. Энэ нь бүтээн байгуулалт хийхэд зарцуулсан хөрөнгө буюу зээлээ барагдуулж дуусаад үлдсэн ашгаа нэг метр квадрат газар нь нэг хувь гэж үнэлээд хуваана гэсэн үг. Мөн дундаасаа 70 сая төгрөг босгож ажлын зургаа буюу хэдэн таун хаус барих уу? Барилгын материал нь ямар байх вэ гэдгээ тодорхойлж дуусжээ. Ингээд зээл нь бүтчихвэл энэ хаварт багтан бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэх аж.

“Айл бүрийн хашаанд амбаар сав, муу усны нүх, түлээ нүүрсний жижиг амбаар гээд 20 орчим м.кв ашиггүй талбай байдаг. Ашиггүй талбайнуудаа нийлүүлээд эргэлтэд оруулах хэрэгтэй. Газар багсаж буй мэт боловч үнэ цэнэ нь маш ихээр өснө. Ер нь 200 айл дундаасаа 20 м.кв талбай нийлүүлэхэд 4000 м.кв газар бий болно. Яаж ч эргэлтэд оруулж болно гэсэн үг. Энэ бол маш их хэмжээний хөрөнгө” гэдгийг “Гэр хорооллыг орон сууцжуулах” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадорж тайлбарласан юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна