З.Энхболд Архангай, Өвөрхангай аймгуудад ажиллалаа

2016 оны 3 сарын 24

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллан, орон, нутгийн ажил байдал, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Улсын Их Хурлын даргын Архангай,Өвөрхангай аймгуудад ажилласан талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

 

2016 оны 03 дугаар сарын 22. Мягмар гараг.

 

УИХ-ын дарга З.Энхболд Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын орон нутгийн томилолт өчигдөр /2016.03.22/ Архангай аймагт үргэлжиллээ. Улсын Их Хурлын дарга тус аймгийн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль, тогтоолууд, эдийн засгийн зарим асуудлууд, бүтээн байгуулалт, бондын талаар болон барилгын салбар, ипотекийн талаар, мөн хөдөө aж aхуйн салбарын талаар танилцуулж, мэдээлэл хийсэн юм.

 

 

2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан бие даасан 29 хуулиас онцолж Эрүүгийн тухай хуулийн танилцуулгыг хийж байгаагаа Улсын Их Хурлын дарга хэлэв. Түүнчлэн барилгын салбарын хөгжил, үүнд ипотекийн зээлийн үзүүлсэн нөлөөний талаар иргэдэд танилцуулсан.

 

 

Архангай аймгийн иргэдтэй хийсэн уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр нар иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.

 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

2016 оны 03 дугаар сарын 23. Лхагва гараг.

 

УИХ-ын дарга З.Энхболд Архангай аймгийн бүтээн байгуулалттай танилцав

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2016.03.23/ Архангай аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав. Тус аймгийн төв Эрдэнэбулган сумын газар нутгийн хэмжээ 1537.6 га, нийт 20889 хүн амтай, үүнээс эдийн засгийн идэвхтэй хүн 34.1 хувийг эзэлдэг байна. Аймгийн ДНБ 320 тэрбум төгрөг бөгөөд сүүлийн 5 жилийн дундаж өсөлт 33 хувьтай байгаа талаар аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар 485 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 3784 ам.долларт хүрчээ.

 

 

Тус аймагт 2012-2015 онд нийт 744 орон сууц шинээр ашиглалтад орсон бөгөөд зарим орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар төлөвлөн ашиглалтад оруулсан байна. Эрдэнэбулган сумын 6 дугаар цэцэрлэгт Улсын Их Хурлын дарга дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Мөн Канад технологиор 44 амины орон сууц барьж байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат танилцуулсан.

 

 

Аймгийн удирдлагууд иргэддээ эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор дугуй унахыг уриалж, шинэ төлөвлөлтдөө дугуйн замыг төлөвлөсөн байна. Улсын Их Хурлын даргыг аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр аймгийн удирдлагууд дугуй унахыг урьсан юм.

 

 

Ийнхүү Улсын Их Хурлын даргыг Архангай аймгийн төвийн бүтээн байгуулалт, шинэ төлөвлөлттэй танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Я.Санжмятав болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Архангай аймаг дахь Төрийн банкны үйл ажиллагаатай танилцав

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Архангай аймагт ажиллахдаа тус аймаг дахь Төрийн банкны салбарын үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

 

 

Төрийн банкны Архангай салбар нь аймгийн 1 салбар, 19 тооцооны төвтэй, нийт 20 салбар нэгжтэй 99  ажилтантайгаар банкны бүх төрлийн үйлчилгээ үзүүлж байгааг салбарын захирал Б.Соёлмаа танилцуулсан юм. Тус салбарын нийт зээлийн багц 25.4 тэрбум төгрөг бол татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 17 тэрбум юм байна.

 

Засгийн газрын тогтоолоор  тус салбараас зээл авсан 2200 малчин өрхийн 4.9 тэрбум төгрөгийн зээл 29.5 хувиас 18.0 хувьд шилжсэн. Энэ оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Малчны үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй болгосон. Өнөөдрийн байдлаар 60 харилцагчид 204.7 сая төгрөгийн зээл олгоод байгаа. Мөн 30 харилцагчийн 80 сая төгрөгийн малчны зээлийг судалж байгаа талаар тус аймаг дахь Төрийн банкны салбарын захирал Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.

 

 

Үүний дараа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллан, орон нутгийн цаг үеийн мэдээлэлтэй танилцсан юм. Энэ үеэр аймгийн удирдлагууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Эрдэнэбулган сумыг хотын статустай болгож өгөх хүсэлтийг албан ёсоор гардуулав.

 

 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Я.Санжмятав болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс ажиллалаа.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Төрийн банкны Хархорин тооцооны төвийн үйл ажиллагаатай танилцав

 

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2016.03.23/ Архангай аймгийн томилолтоо өндөрлүүлж, үргэлжлүүлэн Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллалаа. Улсын Их Хурлын даргыг аймгийн Засаг дарга болон Хархорин сумын удирдлагууд угтан авсан юм.

 

 

Улсын Их Хурлын дарга тус суманд ажиллахдаа Төрийн банкны Хархорин тооцооны төвд ажиллан, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав.

 

Төрийн банкны Хархорин тооцооны төв 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс Малчны үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөрийн зээлийг жилийн 10 хувийн хүүтэй олгож байгаа талаар захирал Д.Оюунгэрэл Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

 

 

Улсын Их Хурлын дарга, төр засгаас хөдөө аж ахуйг эдийн засгийн тулгуур салбар болгон хөгжүүлэх зорилт тавин, энэ хүрээнд хэд хэдэн бодлого, шийдвэр гарган ажиллаж байгаа талаар танилцуулсан юм. Тухайлбал, Засгийн газраас бодлогоор дэмжиж, малаа эрүүл байлгасан, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, малчин дансаа ашигласан малчны авах зээлийн хүүг сарын 0.8 хувь болгон бууруулсан байгаа хэмээлээ.

 

Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллахдаа Улсын Их Хурлын дарга үргэлжлүүлэн иргэдтэй уулзалт хийж, Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоолуудын талаар мэдээлэл хийлээ. 

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдэд хууль, тогтоомжийн талаар танилцуулга хийв

 

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2016.03.23/ Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзалт хийж, Улсын Их Хурал 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоолуудын талаар мэдээлэл өгөв. Намрын ээлжит чуулган 90 хоног үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, Байнгын хороод 131 удаа хуралдав. Ээлжит чуулганаар нийтдээ 426 хууль, Улсын Их Хурлын 64 тогтоол баталснаас 29 нь бие даасан хууль байсан бол 355 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

 

Улсын Их Хурлын дарга танилцуулгынхаа эхэнд, Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн талаар иргэд сонгогчдод мэдээлэл өгсөн бол дараа нь Өршөөлийн хууль болон Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын даргын дараагийн танилцуулсан асуудал нь Монгол Улсын эдийн засгийн зарим асуудал байв.

 

 

Дараа нь “Монгол цэрэг бүтээн байгуулалтын хөтөлбөр"-ийн талаар мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын дарга 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн 8 хувийн хүүтэй ипотектийн зээлийг олгож эхэлсний үр дүнд өнөөдөр 76000 өрх шинээр орон сууцанд орж, жилд дунджаар 1322000 м2 орон сууц ашиглалтад орсон. 2008 онд барилгын салбарт 50 мянган хүн ажиллаж байсан бол одоо 96 мянган хүн ажиллаж байна. Ипотекийн зээлд Өвөрхангай аймагт 1136 өрх хамрагдсан байна. Ипотекийн зээлийн үр ашгийн хувьд зөвхөн 8 хувийн зээлээр байранд орсон айлуудын асуудал биш, харин ипотекийн зээлийн нөлөө нь барилга, барилгын материал, зураг төсөл, дотоод засал, тавилга гэх мэт хоорондоо уялдаа холбоо бүхий цогц асуудлыг хамардаг гэдгийг онцлов.

 

 

УИХ-ын дарга 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль, тогтоолын талаар Хархорин сумын иргэдэд танилцуулга хийсний дараа тэдний сонирхсон асуултад, хариулт өгөв.

 

 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат, Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Лхагвабуд болон албаны бусад хүмүүс байлцав.

 

 

Ийнхүү Өвөрхангай аймгийн иргэдэд 2015 оны намрын ээлжит чуулганаар баталсан хууль, тогтоолын талаар мэдээлэл өгснөөр УИХ-ын даргын хөдөө, орон нутагт хийсэн томилолт өндөрлөлөө.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

 

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс