ХМТ-ноос шалгаж буй этгээд Монголд орогножээ

2016 оны 3 сарын 24

АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос шалгаж буй Малайзуудын мөнгөний асуудалд холбоотой эрхэм Монголд оршин сууж байна

Малайзын төрийн хөрөнгө оруулалттай “1МDB” компани өөрийн охин компани болох SRC International Bhd компаниар дамжуулан Малайзын тэтгэврийн сангаас дөрвөн тэрбум малайз ренгит зээлсэн бөгөөд уг мөнгийг “Монгол Улсын уул уурхайн Гоби Коул энд Энержи компанийг худалдан авах зориулалтаар зээлсэн” гэдэг дуулиан жил гаруйн өмнөөс гадаадын хэвлэлүүдэд бичигдэж эхэлсэн юм. Малайзын тэтгэврийн сангаас гарсан энэхүү их хэмжээнийн мөнгөний асуудалд тус улсын Засгийн газрын тэргүүн бөгөөд Сангийн сайд Нажиб Разак холбогддог бөгөөд ард түмний мөнгийг хаана юунд зарцуулснаа тайлбарлахыг түүнээс сөрөг хүчний намын гишүүд шаардаж эхэлснээр дуулиан үүсчээ. Нажиб Разак болон дээрх мөнгийг зээлсэн хүмүүсийн тус бүрийн тайлбар, мэдээлэл, аудитын холбогдох шалгалт дөрвөн тэрбум ренгитын зарцуулалт, зориулалтыг бүрэн ил болгож чадаагүй учраас энэ мөнгө хаашаа алга болсныг эрэн сурвалжлах асуудал өндрөө авч, эрлийн үзүүр нэлээд ноцтой сэжиг, таамаг руу хөтөлсөн ажээ.

Эрлийн үзүүрийг даган АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалгалт явуулж эхэлсэн бөгөөд улмаар Швейцарь улс дахь 1MBD компанийн хөрөнгийг царцаасны зэрэгцээ уг компанийн эсрэг гомдлыг Хонгконгийн цагдаагийн байгууллага хүлээн авч бас л мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснийг Reuters агентлаг одоогоос зургаан сарын өмнө буюу 2015 оны есдүгээр сард мэдээлсэн юм. Тэгвэл ийнхүү олон улсын хэмжээнд мөрдөн мөшгиж эхэлсэн мөнгөний асуудалд нэр холбогдож байгаа Монголын уул уурхайн компанийн ард Мо Мунши хэмээх Пакистаны иргэн байдаг аж. Үүгээр ч зогсохгүй энэ эр өнөөдрийн байдлаар Монгол Улсад оршин сууж байгаа төдийгүй уг асуудлаар манай хуулийн байгууллагад ч шалгагдаж байгаа юм байна.

Малайзын улстөрчдийн мөнгөний асуудал Монголтой холбогдох сэжим

Мо Мунши гэх Пакистаны иргэн нь Их Британийн нэгдсэн вант улс болон Австралийн давхар иргэншилтэй нэгэн бөгөөд монголчуудын хувьд тодорхой хүрээнд, тэр дундаа улс төр, бизнесийнхний хүрээнд зохих хэмжээнд танигдсан хүн юм байна. Тэрбээр Канадын хөрөнгө оруулагчид Оюутолгойн ордыг анх олон улсын бирж дээр гаргаж, хөрөнгө оруулалт татаж байх үед Айвенхоу Майнзтай хамтран ажиллаж байсан бөгөөд энэ үеэс монголчуудын дунд тодорхой хүрээлэлд танилтай болж эхэлсэн гэх.

Яагаад ч юм бэ, Айвенхоу Майнзынхан түүнээс төд удалгүй зай авсан боловч мань эр Монголд гадаадын хөрөнгө оруулагчийн дүрээр үйл ажиллагаа явуулан үлдсэн гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Баянхонгор аймгийн Шинэжинстийн нүүрсний орд, Говь-Алтай аймгийн Зээгтийн нүүрсний ордын лицензийг эзэмшдэг Гоби Коул энд Энержи ХХК-ийн толгой компани болох Бритиш Виржин арлуудад бүртгэлтэй Гоби Коул энд Энержи компанийн нэр дээр гадаад болон Монголын хөрөнгө оруулагчдаас ихээхэн хэмжээний хөрөнгө татан босгосон нь олон эх сурвалжийн мэдээллээр нотлогдохоор ажээ. Монголын нүүрсний ордуудыг түшиглэн байгуулсан дээрх компани Малайзын тэтгэврийн сангаас ихээхэн хэмжээний мөнгө зээлсэн нь Малайзын сөрөг хүчнийхний шахалт, шаардлагаар ил болсон мэдээлэлд анх дурдагджээ. Энэ талаарх мэдээллийг 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр The Malaysian Insider  “1MDB компанийн охин компани Монгол улсад оршдоггүй хамтарсан компанид хөрөнгө оруулалт хийхээр дөрвөн тэрбум малайз ренгит зээлсэн гэж Рафази хэлэв” гарчигтай нийтлэл, 2015 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр www.Sarawak Report.org сайт “Малайзын 1MBD-аас алга болсон сая сая ренгитийн цаадах Монгол Улсын нууц” гарчигтай нийтлэлээр дамжуулан англи хэл дээр тус тус цацсан ба 2015 оны есдүгээр сарын 20-нд www. reuters.com сайтад “Малайзын 1MBD компанийг FBI шалгаж эхлэв” гарчигтай нийтлэл мөн цацагдсан юм.

Дээрх нийтлэлүүд дэх мэдээлэл, баримтууд Малайзад болж буй үйл явдалд үндэслэн бичигдсэн байна. Малайзад чухам юу болсныг, яагаад Монголын нэр холбогдсоныг дээрх нийтлэлд дурдагдсан баримтуудад түшиглэн тайлбарлах нь зүй байх.

Монголын компаниар халхавчлан мөнгө угаасан байж болзошгүй гэх сэжим

Малайзын парламентын сөрөг хүчний гишүүн Тони Пуа Малайзын Сангийн сайд бөгөөд Ерөнхий сайд Нажиб Разакаас ард түмний өмч болох Тэтгэврийн сангаас зээлсэн дөрвөн тэрбум ренгитийн талаар тайлбар өгөхийг шаардсан юм байна. Харин үүний хариуд Нажиб Разакийн зүгээс өгсөн тайлбартаа “мөнгийг Монголын Гоби Коул энд Энержи компанид оруулж, 50 хувийг эзэмшдэг болсон” гэж мэдэгджээ. Уг Коби Коул энд Энержи компанийн томоохон хувьцаа эзэмшигч Хятадын Ориго Партнерс ПиЭлСи компаниас Малайзын холбогдох хүмүүсийн авсан мэдээллээр бол Ориго компани Монголын уг компанийн 14 хувийг эзэмшдэг ба энэхүү 14 хувиа 13.3 сая ам.доллараар авсан болох нь нотлогджээ. Хэрэв Нажиб Разакийн хэлсэнчлэн Гоби Коул энд Энержи компанийн 50 хувийг худалдан авсан нь үнэн бол үүнд 180 сая ренгит төлсөн байж таарахаар байгаа учраас үлдсэн мөнгө хаашаа орсон бэ гэдэг асуулгыг сөрөг хүчний зүгээс дахин тавьжээ.

Товчхондоо  Малайзын тэтгэврийн сангаас гарсан дөрвөн тэрбум ренгитийн зээлийн ердөө таван хувь нь Монголын компани руу орсон, үлдсэн мөнгө хаашаа орсныг эрх мэдэлтнүүд тайлбарлаж чадахгүй байгаа аж. АНУ-ын Холбооны мөрдөх товчоо хаашаа орсон нь үл мэдэгдэх мөнгөний араас мөшгиж буй бололтой. Малайзын сөрөг хүчний намын гишүүн Тони Пуа “Төрийн өмчийн хөрөнгө оруулалттай 1MBD корпорацийг Сангийн сайд Нажиб Разакийн дотны найз бизнесийн түнш Нил Файсел Арифф Камил, охин компани SRC International Bhd-ийг мөн Нажиб Разакийн бизнесийн түнш Жо Лоу удирддаг байсныг” дурдаад “Тэдгээр нь Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан болох Аабартай нягт ажил хэргийн холбоотой. Иймд энэхүү сураггүй алга болсон хөроөнгийг эдгээр нэр бүхий хүмүүсийн бизнестэй холбоотойгоор шалгаж баталгаажуулах ёстой” гэж мэдэгдсэн юм байна. 

Малайзын Засгийн газрын тэргүүн нь Тэтгэврийн сангаас зээлээр гарсан мөнгөөр Монголын Гоби Коул энд Энержи компанийн 50 хувийг худалдан авсан гэж тайлбарладаг талаар олон улсын мэдээллийн агентлагууд дурдаж байгаа. Мөн тэдний эрэн сурвалжилсан мэдээллээр бол зээлийн 5 орчим хувь нь л Монголын дээрх компанийн хувьцааг худалдан авахад зарцуулагдсан болж таарсан. Тэгэхээр эдгээр баримтуудаас харвал Гоби Коул энд Энержи компанийн хувьцааг худалдан авсан гэдэг баримт нь “угаагдсан” мөнгийг халхавчлах төдий зүйл байж болзошгүй аж.

Бидэнд олдсон мэдээллээр “эрэн сурвалжлагдаж” буй Малайзын Тэтгэврийн сангийн мөнгөнөөс “хувь хүртсэн” гэгдэх Монголын Гоби Коул энд Энержи компанийн нэр дээр гадаадын томоохон компаниудаас, тухайлбал, БНХАУ-д бүртгэлтэй Ориго Партнерс ПиЭлСи-ээс 13.3 сая ам.доллар, Арабын Аабар сангаас 90 гаруй сая ам.доллар, дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын сан болох Capitаl Group-ээс ч хөрөнгө татсан байна. Тэгэхээр маш их хэмжээний хөрөнгө оруулалтыг ийнхүү гадна, дотноос татаж чадсан Гоби Коул энд Энержи компани ямар шидтэй, түүний эзэмшдэг нүүрсний ордууд чухам ямар үнэ цэнэтэй вэ гэдэг асуулт шохоорхол татахаар сэдэв болж таарлаа.

Мөн Монголын нүүрсний орд, Гоби Коул энд Энержи компаниар дамжуулан хөрөнгө босгож, дуулиан тарьчихаад өдгөө Улаанбаатарт чимээгүйхэн сууж байгаа Мо Мунши гэж хэн бэ гэдэг асуулт ч анхаарал татаж байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.АЛИМАН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна