Английн фермерүүд жагсав

2016 оны 3 сарын 24

 

Английн фермерүүд лхагва гаригт Лондон хотноо нэгэн хачирхалтай жагсаал зохион байгуулжээ. Фермерүүд хотын төвд үндэсний далбаа нөмрүүлсэн хонь, үхэрээ туун орж ирж, Засгийн газраас хүнсний бүтээгдэхүүн ялангуяа сүү, цагаан идээний үнийг өсгөх арга хэмжээ авахыг шаардсан юм.

 

Англид сүүний үнэ 50 хувь буурснаас фермерүүд туйлын хэцүү байдалд ороод байгаа гэж жагсаалыг зохион байгуулсан Фермерүүдийн хөдөлгөөний нэгэн гишүүн ярьжээ.

 

Фермерүүд “Орон нутгийн фермерүүдийг дэмж”, “Их Британийн фермерүүдийн эрх ашгийг хүндэл” зэрэг уриа лоозон барьсан фермерүүд Трафалгарын талбайгаас Ерөнхий сайд Дэвид Кэмероны суудаг Даунинг стрийт 10 гудамжаар хажуугаар өнгөрсөн гэнэ.

 

Жагсаалд Английн 1000 гаруй фермерүүд оролцсон байна. 2015 оны дөрөвдүгээр сард Европын холбоо сүүний нийлүүлэлтийн квотын цуцалснаас хойш сүүний нийлүүлэлт эрэлт нэмэгдэж, Европ даяар сүүний үнэ буурахад хүргэсэн.

 

Албан ёсны судалгаагаар Английн цагаан идээний фермерүүдийн жилийн орлого энэ жил өнгөрсөн оны мөн үеийнхээс 46,000 ам.доллар буюу 45 хувиар буурсан юм.

 

Англи, Шотланд, Уэльсийн фермерүүдийн тоо арван жилийн өмнө 21,000 орчим байсан бол өдгөө 10,500 гаруй болжээ. Тус улсын хөдөө аж ахуйн сайдын хэлж буйгаар хэрэв цагаан идээний үнийн уналтыг зогсоохгүй бол олон фермер үүдээ барихад хүрээд байна.

 

Олон фермерүүд ирэх зургадугаар сард Их Британи ЕХ-ноос гарвал хөдөө аж ахуйн ашиг буурна гэж санаа зовниж байгаа бол нөгөө зарим нь экспорт нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна