Эрдэнэтийнхэн хямралд өртөхгүй

2016 оны 3 сарын 24

Еврогоор цалинждаг Эрдэнэтийн дарга нарын тухай мэдээлэл өчигдөржин /2016.03.23/ нийгмийн сүлжээнийхнийг доргиов. Уг мэдээлэлд:

2014 оны 12 дугаар сард Эрдэнэт үйлдвэрийн нэр бүхий ажилтнууд төгрөгөөр биш, еврогоор доор дурдсан нэмэгдэл цалин авчээ.

Нэмэгдэл цалин хүртэгсэд:

  • Б.Алтанхуяг 3600 евро

  • Б.Баттулга 1800 евро

  • Батжаргалсайхан 1800 евро

  • Б.Батхуяг 1800 евро

  • Р.Дэлгэр 1800 евро

  • Д.Даваасамбуу 3600 евро

  • Б.Намхайнямбуу 3600 евро

  • Х.Өлзий-Орших 3600 евро

  • Д.Пүрэвсүрэн 1800 евро

  • С.Сувдаа 3600 евро

  • А.Цэрэнсодном 2700 евро

  • Н.Энхбаатар 1800 евро

Мөн гэрээний дагуу дэмжлэг авдаг гэнэ. Мөн л 2014 оны 12 дугаар сард дараахи хүмүүс мөнгөн дэмжлэг авчээ.

Гэрээний дагуу дэмжлэг үзүүлсэн :

  • З.Түмэн 27000 евро

  • Д.Пүрэвсүрэн 27000 евро

  • А.Цэрэнсодном 27000 евро

  • Н.Мэргэнбаатар 18000 евро

  • О.Хонгор 18000 евро

  • П.Батболор 45000 евро

  • Ш.Батдэлгэр 9000 евро

  • Б.Ариунзаяа 18000 евро

Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан:

  • Б.Алтанхуягт 244 сая төгрөгийн урьдчилгааг 2014.12.30-нд

  • Батжаргалсайханд 309.9 сая төгрөгийн урьдчилгааг 2014.12.27-нд

  • Д.Даваасамбууд 773.7 сая төгрөгийг 2014.12.12-нд

  • Б.Намхайнямбууд 690.7 сая төгрөг 2014.12.26-нд

  • Х.Өлзий-Оршиход 771,7 сая төгрөг 2014.12.16-нд

  • С.Сувдаад 796.7 сая төгрөг 2014.12.19-нд

Эдийн засаг хэцүү байхад "Эрдэнэт"-ийн дарга нартаа еврогоор нэмэгдэл цалин, урамшуулал хүртэж, тансаглаж байгаа нь шударга бус гэж үзэгсэд олон байна. Тэгэхдээ тэр нэмэгдэл цалин, дэмжлэг гэх мэтийг ажилтан болгон аваад байдаггүй бөгөөд  зөвхөн тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийн хүмүүс буюу түүний дагуулж авчирсан хүмүүс хүртдэг гэсэн тодотгол ч мэдээллийг дагалдав.

2014 онд хямрал харьцангуй гүнзгийрээгүй байж дээ гэж цайруулж болох ч энд хоёр зүйлийг тодотгохоос аргагүй нь. Эрдэнэт үйлдвэрт сүүлийн жилүүдэд улс төрийн томилгоо хийгдэж, тэр тоолон хөрөнгө мөнгө завших, танил тал татах, нам хүчнээр ялгах, шахааны бизнес хөгжүүлэх гэхчлэн буруу зөрүү бүхэн хөгжсөөр ирсэн билээ. Харин Ц.Даваацэрэнг анх томилогдоход Эрдэнэтэд анх удаа “мэргэжлийн хүн” очлоо хэмээн талархалтай угтсан. Түмний итгэл ч талаар болоогүйг илтгэж тэрбээр эхэн үедээ Эрдэнэтийн агуулахад буй шахааны бизнесийг хайр найргүй илчилж байсан юм. Харин сүүлийн нэг хоёр жилд таг чиг байсан нь урьд өмнөх дарга даамлуудын түүхийг давтахад хүргэж дээ гэсэн таамаг төрүүлж орхив. Еврогоор цалинжиж, орон сууцны дэмжлэг хүртсэн тэдгээр хүмүүс голчлон Улаанбаатараас даргаа дагаж очигсод гэж дээрх мэдээллийг түгээсэн эх сурвалж тодотгосон байна. Тэгвэл Эрдэнэтэд ажиллах хэмжээний чадварлаг боловсон хүчин Орхон аймагт байгаагүй хэрэг үү. Баг бүрдүүлэлт гэх гоё нэрийн цаана хамтдаа бялуу хуваах  нөхдөө Ц.Даваацэрэн захирал дуудсан нь энэ болов уу.

Ямартай ч Эрдэнэтийнхэн, тэр дундаа удирдлагууд нь хямралд өртөхөөргүй биелэг аж төрж байгаа юм байна. Энэхүү мэдээллийг олон нийтэд ил болсны дараа үйлдвэрийн хэвлэлийн албанаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Нэмэгдэл цалин хөлс, урамшууллыг холбогдох дээд байгууллагын шийдвэрээр хуулийн дагуу олон жилийн туршид олгож ирсэн” гэж тодотгожээ. Мөн цалин хөлсний талаарх мэдээллийг Эрдэнэт үйлдвэрээс зөвшөөрөлгүй авч тараасан этгээд л буруутай гэдгийг дурдсан байна.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна