Оёдлын машины түүх

2016 оны 3 сарын 24

Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа хамгийн гэгээн дурсамжийг бусадтай хуваалцах нь сэтгэл зүрхний гүнд нандигнан хадгалж явдаг тэр үүх түүхээ дэлгэж байгаа хүнд ч, түүнийг сонсож байгаа хүндээ ч халуун дулаан, сайхан мэдрэмж төрүүлдэг. Бүх л эд зүйл технологижиж, найз нөхдөө төдийгүй, танил танил биш хүмүүсээ утас, фэйсбүүк, твиттерээс төвөггүй олж, хотын түгжрэл, нийгмийн дуулиан, шуугианд бухимдаж суудаг болсон энэ цаг үе хүмүүсийг гэгээн бүхнээс нь холдуулаад байх шиг. Манай сонин “Нандин түүх” булан нээж байна. Энэ буланд хүмүүсийн сайн, сайхан дурсамжийг нийтэлж байх бөгөөд энэ нь уншигчдад маань халуун дулаан сэтгэл төрүүлж, ухаарал өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн зочноор бид ИЗНН-ын дэд дарга Ц.Ганхуягийг оролцуулж, түүний өөрийн цахим хуудаст бичсэн дурсамжийг нийтэлж байна.


Миний аавыг М.Цэрэндорж, ээжийг В.Уламбаяр гэдэг. Завхан аймгийн Завханмандал сумын хүн. Аав, ээж маань есөн хүүхэд төрүүлж, өсгөн хүний зэрэгт хүргэх гэж амаргүй замыг туулсан билээ. Нүүр номын андууддаа хайртай аав, ээжийнхээ түүхийн нэгэн агшныг хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Энэ бол Оёдлын машины түүхтэй холбоотой хэсэг юм.

1950-иад оны үе. Цэрэндорж эхнэртээ оёдлын машин худалдан авч өгөх гэж сумандаа хоёр өдөр, шөнө хонон өнжин дугаарласны эцэст суманд ирсэн оёдлын хоёр машины нэгнийх нь эзэн болов оо. Оёдлын машин тийм ч амар олдсонгүй. Юм ховор цаг. Дэлхийн том дайн дуусч, уртаар амьсгаа авч эхэлсэн үе. Улсын социализмын материал техникийн баазын агуулахаас нэг суманд оёдлын машин хоёрыг хуваарилах хэмжээний л тэнхээтэй байж. Цэрэндоржийн хүлээж, дугаарлан байж авсан машин өөр нэг эзэнтэй болж хоёр залуу оёдлын машины хоёр талаас чаргууцалдсаны эцэст Цэрэндорж машины их биетэй нөгөө өрсөлдөгч Очирбал машины гартай хоцорч. Машины их биеийг нь авсан Цэрэндорждоо Очирбал нь бууж өгч, машины гарыг нь буцааж өгчээ.

Тэр үед Цэрэндоржид оёдлын машин авах мөнгө байсангүй. Сургуульд мах нийлүүлэх гэрээ байгуулсны хүчинд л оёдлын машин худалдан авах мөнгөтэй болж гэнэ. Бага зэрэг сэргэлэнтсэн байх л даа. Ээж маань ажлынхаа чөлөө заваар захиалгаар дээл эсгэж, оён хэд гурван цаас олж биднийгээ тэжээдэг байж билээ. Оёдлын машин энэ айлын том охин Нинатай нас чацуу юм. Архангайн багшийн сургуулийг төгссөнөөсөө хойш боловсролын салбарт насаараа зүтгэсэн том охин Нина эдүгээ гавьяаныхаа амралтад гарч, түүнтэй нас чацуу машин өнөөдөр ч оёх чадвараа алдаагүй байна. Олон ч хүнийг дээлтэй, хувцас хунартай, мөр бүтэн алхуулсан оёдлын машины алдар бадартугай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна