ЭХЗХ тайлангаа тавилаа

2016 оны 3 сарын 24

Энэ сарын 21-24-ний өдрүүдэд  Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд хийсэн  ажил, эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тайланг  Эрчим хүчний яам болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад  танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт “Эрчим хүчний зохицуулах хороо 2015 онд  хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, тарифын оновчтой зохицуулалт хийн, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласны  үр дүнд эрчим хүчний  салбар анх удаа алдагдалгүй ажиллалаа. Мөн  Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, олон жилийн турш  яригдсан Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого зэрэг эрх зүйн бичиг баримтууд батлагдан гарлаа.  Монгол Улс эрчим хүч экспортлогч  орон болох зорилгодоо нэг алхам ойртож, Эрчим хүчний зохицуулах хорооноос   эрчим хүч экспортын чиглэлээр баригдах  барилга байгууламжийн тусгай зөвшөөрлийг олголоо” хэмээн онцолж байсан юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, зохицуулагч Д.Бассайхан, Р.Мягмар тэргүүтэй удирдах албаны хүмүүс болон 31 тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төлөөлөл оролцсон тайлангийн хурлын үеэр Монгол улсын эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлсон статистик ном гаргаснаа танилцууллаа.  Өнгөрсөн 2015 онд эрчим хүчний салбарын үйл ажиллагааны зардал 27.3 тэрбум төгрөгөөр, балансын алдагдал 23.7 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.  Мөн үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээ 0.68 нэгжээр, цахилгаан дамжуулалт түгээлтийн алдагдал 0.2 нэгжээр буурч, эрчим хүчний  салбарын үр ашиг дээшилж,  хуримтлагдсан өр төлбөрийг 24.8 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Өнгөрсөн онтой харьцуулахад хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлын үзүүлэлт сайжирч, дотоодын цахилгаан үйлдвэрлэл нэмэгдэн, ОХУ-аас худалдаж авдаг цахилгааны хэмжээ 36 хувиар  буураад байна.  Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын  зардлын өсөлт 2014 онд өмнөх оны дүнгээс 14.5 хувь байсан бол 2015 онд 11.2 хувь болон буурсан үзүүлэлттэй гарчээ.

2013 оноос хойш үнэ тарифын зохистой зохицуулалт, дотоод хэмнэлт хийх, үрэлгэн зардлыг танах, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын менежментийг боловсронгуй болгож, техник эдийн засгийн  үзүүлэлтүүдийг хянах ажлуудыг эрчимжүүлснээр 2015 оны татварын дараах тайлангаар эрчим хүчний салбар 3 тэрбум гаруй төгрөгийн ашигтай гарсан байна. Мөн тарифын механизмыг шинэ шатанд гаргах аргачиллыг нэвтрүүлсэн нь эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадамжийг дээшлүүлж, хэрэглэгчид найдвартай эрчим хүчээр хангагдах нөхцлийг баталгаатай болгож чадлаа гэдгийг хурлын үеэр онцолж байлаа.   Эрчим хүч үйлдвэрлэж, түгээдэг компани, станцууд өнгөрсөн онд нийт 595.5 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Өмнөх жилүүдэд тохиолдоогүй орлого, зарлагын баланс тэнцсэн түүхэн жил боллоо  гэж эрчим хүчний салбарынхан 2015 оныг дүгнэж, өнөөдөр тус онд хийсэн ажлаа тайлагнаж байна.  Эрчим хүчний орлого эерэг баланстай гарна гэдэг нь хэрэглэгчдэд түгээх цахилгаан, эрчим хүч доголдолгүй, найдвартай хүрэх эхлэл аж.  Орлого, зарлагын баланс нь тэнцсэн цахилгаан түгээх сүлжээ, үйлдвэрүүд эргээд урсгал засварууд хийнэ гэсэн өөдрөг үзэлтэй байна. Иргэдэд хүрэх цахилгааны үнэ нэмэгдсэн болохоор энэ салбарынхны орлогын зүү дээшлэх нь тодорхой. Гэхдээ иргэд төлсөн мөнгө шигээ найдвартай цахилгаан авдаг уу гэвэл эргэлзээтэй гэж шүүмжилдэг. Тэгвэл иргэн таны эрчим хүчнийхээ хэрэглээнд төлсөн мөнгө, утсаар ярьж, телевиз үзсэний хариуд төлсөн төлбөрөөс нэг дахин бага буйг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний гүйцэтгэх захирал С.Төмөрхүү тоон баримтаар тайлбарлалаа.  Эрчим хүчний салбар 2013 онд 416 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар тэднийхээс бараг хоёр дахин их буюу 784 тэрбум төгрөг. 2014 онд эрчим хүчний салбар 500 тэрбум, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар 850 тэрбум төгрөгийн орлоготой ажиллажээ. Энэхүү тоон үзүүлэлтээс харахад монголчууд цахилгаанаасаа илүү утсаар ярьж, зурагт үзэн, интернет ашигласныхаа хариу төлбөрт илүү мөнгө төлдөг байгаа юм.

Цаашид одоогийн татаастай үнэ тариф мөрддөг эрчим хүчний салбарыг аж ахуйн тооцоо дээр тулгуурлаж, арилжааны хэлбэрээр өртөг, зарлагын ханшийг баримталж ажиллах шаардлагатайг сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэж нэг кВт –ийг нь 180 төгрөгөөр хэрэглэгчдэд борлуулдаг “Clean Energy” компанийн захирал Ц.Сүхбаатар тайлбарлалаа. Монгол Улс эрчим хүчнийхээ үнэ тарифыг тогтоохдоо хөрөнгө оруулалтын зарлагыг тооцолгүй зөвхөн ашиглалтын зардлыг тооцсон нь алдаа гэж тэрбээр ярьсан юм.  Эрчим хүчний хэрэглээний үнэ тарифыг гэр хорооллын иргэдэд хөнгөлөлтэй тогтоомоор байвал төр өөрөө тэдэнд зориулж хөрөнгө төсөвлөх хэрэгтэйг зөвлөлөө. Ингэж гэмээнэ Монгол Улсын эрчим хүчний салбар хөгжинө гэж салбарынхан нь тооцжээ.

Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монгол Улсын эрчим хүчний үнэ багатаа ордог аж. Зөвхөн урд, хойд хөрштэй жишихэд эрчим хүчний түүхий эдийн асар их байгалийн нөөцтэй ОХУ-ын цахилгааны хэрэглэгчид төлөх тариф нь Монголынхоос дөрөв дахин,  БНХАУ-ынх гурав дахин их байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна