Шатахууны үнэ 100 төгрөгөөр буурах боломжтой гэв

2016 оны 3 сарын 24

ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүн  Улаанбаатар хот орчимд шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр буурах боломжтойг харуулсан гэж тус газрын дарга Д.Мөнхтөр дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээллээ. Шатахуун түгээх станцуудаар худалдаалж буй А80, АИ92 автобензин, Дизель түлшний одоогийн үнэ дараах байдлаар тус тус буурах боломжтой гэж ШӨХТГ-ын байцаагч нар тооцсон  байна. Үүнд:

 А80 автобензин 50 төгрөгөөр /1470 төгрөгөөс 1420 төгрөг/

АИ92 автобензин 100 төгрөг      /1580 төгрөгөөс 1480 төгрөг/

Дизель түлш 100 төгрөг      /1690 төгрөгөөс 1590 төгрөг/ болж буурахад импортлогч компаниудад ямар ч алдагдалгүй гэв. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханш урьд өмнөхөөс 53-61.5 хувиар буурчхаад байгаа аж.

 

Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/

Нэр төрөл

Хилийн үнэ

2014.01 сар

Хилийн үнэ

2016.02 сар

Буурсан хувь

А80

998.0 ам.доллар

468.0 ам.доллар

53.0%

АИ92

1,143.0 ам.доллар

482.0 ам.доллар

57.8%

Дизель түлш

1,143.0 ам.доллар

440.0 ам.доллар

61.5%

Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ, цаашдын төсөөллөөс харахад Улаанбаатар хот орчимд  шатахууны үнийг буулгах бүрэн боломжтой ажээ. ШӨХТГ-ын зүгээс эхний удаад импортлогчдод үнэ ханшаа буулгахыг уриалж байгаа бөгөөд эс биелүүлбээс дараагийн арга хэмжээ авахад бэлэн гэдгээ ч мэдэгдэв.

Галт тэрэгний үнэд цай, кофены мөнгө шингээхээ больжээ

Галт тэргээр зорчиж буй иргэдийн хувьд тасалбарын үнэд цай, кофе болон цагаан хэрэглэлийн үнийг шингээж байсныг ШӨХТГ-аас тогтоож, энэ нь хэрэглэгчийн эрхийг зөрчиж байгаа тул зорчигчдод сонголттой болгохыг зөвлөсөн байна. Зорчигч өөрөө цагаан хэрэглэлээ авч яваа тохиолдолд тухайн галт тэрэгний цагаан хэрэглэлийг ашиглахгүй байх боломжтой. Мөн тухайн галт тэрэгнээс заавал цай худалдан авах шаардлагагүй юм. Зорчигчийн тасалбар худалдан авч байгаа хүмүүсээс ийнхүү цагаан хэрэглэл, цайны мөнгийг дур мэдэн хураан авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 дах “бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа дагалдуулах”-ыг хориглосон, 12.1.10 дах “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглосон заалтыг тус тус зөрчиж байна гэдгийг УБТЗ-д зөвлөсөн  байна. УБТЗ зөвлөмжийг хүлээн авч, зорчигчид өөрсдөө цай, кофе, цагаан хэрэглэл авах эсэхээ сонгодог болжээ.

Түүнчлэн галт тэрэгний тасалбар урьдчилан захиалчихаад түүнийгээ гээсэн, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд, эсвэл урьдчилсан захиалга цуцлагдвал тасалбарын тарифт үнийн 10 хувийг суутган авдаг байсан нь өрсөлдөөний хуульд нийцэхээргүй байжээ. Үүнийг өөрчлөх шаардлагыг УБТЗ-д хүргүүлсэн нь ёсоор болгожээ. Мөн төлбөрийн карт уншигч төхөөрөмж ашиглаж төлбөр, тооцоо гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх байгууллагаар зөвхөн ХААН банкийг сонгосон нь бусад банкны хэрэглэгчдэд хохиролтой байгааг зорчигчдын зүгээс гомдоллох болжээ.

Ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө мэдээлэхийг шаарджээ

ШӨХТГ-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх төрөлд хамрагдах 20 гаруй томоохон их, дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхээс өмнө сургуулийнхаа удирдах зөвлөлийг хуралдуулж 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоож, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлахыг уг зөвлөмжид дурджээ. Их, дээд сургуулиуд ийнхүү ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн мэдээллийг хавар олон нийтэд ийнхүү зарлах нь дараах ач холбогдолтой гэж ШӨХТГ-аас үзсэн байна. Үүнд:

  1. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжлээ сонгоход үнэн зөв мэдээлэлтэй болно.

  2. Сургалтын төлбөр, сургуульд элсэх босго оноо элсэгч бүрт нээлттэй байна.

  3. Эцэг, эхчүүд, оюутнууд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бэлдэх боломж бүрдэнэ.

  4. Их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжаанд дэвшин орох оюутнууд хавар сургууль төгсөхдөө сургалтын төлбөр хэрхэн өөрчлөгдөх талаарх мэдээлэлтэй болно.  

Өмнөх жилүүдэд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмдэг байсан. Энэ жилийн хувьд инфляцын өсөлтийн хэмжээ маш бага байгаа тул 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх гэж найдаж байгаагаа мөн дуулгалаа.

 Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна