Эм витаминжуулалт олгохоор боллоо

2016 оны 3 сарын 24

ЭМСЯ-ны харьяа БТСХТ-өөс 2016 оны 1-р сарын 15 –ны өдөр зарласан “Тамирчдад шаардлагатай уураг, амин дэм, эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах” тендерийг 8 компани худалдан авснаас 2016 оны 2-р сарын 16-ны өдөр 4 компани тендерээ ирүүлж нээлтэд оролцсон. Тендер ирүүлсэн 4 компаниас “Моносфармтрейд” ХХК-ны ирүүлсэн 10 багц нь  хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгарч, 2016 оны 3-р сарын 09-ны өдөр 273,118,789 /хоёр зуун далан гурван сая нэг зуун арван найман мянга долоон зуун наян ес/ төгрөгийн эм, эмнэгийн хэрэгсэл худалдан авах гэрээ хийгдсэн.

 

 

 

 

Тендер ирүүлсэн “Азифарм” ХХК нь манай байгууллагаас явуулсан тендерийн үнийг 30% бууруулах албан бичгийн дагуу үнийн дүнг бууруулаагүй тендер ирүүлсэн, “Олл мастерс” ХХК нь  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 14.1.2, тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 12.1/а/, 12.1/б/, 13.1 дугаар зүйлд заасны дагуу тендер ирүүлээгүй, “Тамирчин нөхөн сэргээх сувилал”ХХК нь тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 12.1/а/, 12.1/б/, 13.1 дугаар зүйлд заасны дагуу тендер ирүүлээгүй тул тендерээс татгалзсан.

Нийт 19 багцад тендер зарласнаас 10 багц дээр “Моносфармтрейд”ХХК-тай худалдан авах гэрээ хийж, үлдсэн 9 багц дээр дахин тендер зарлах цаг хугацаа богино, дахин тендер зарлахад 5-р сар хүртэл тамирчдын эм, амин дэмжүүлэлт оройтох, үр дүн гарахгүй байх, хугацаа алдах зэрэг шалтгаантай байсан ба нөгөө талаар дорх компаниудтай 2015 онд хамтран ажиллаж байсан тул  “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 34.1.5 заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулсан болно. Үүнд:

“Азифарм” ХХК-тай 7 багц дээр 126.111.750 /нэг зуун хорин зургаан сая нэг зуун арван нэгэн мянга долоон зуун тавь/ төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-тай 1 багц дээр 14.945.000 /арван дөрвөн сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийн уураг, нүүрс ус, амин дэм худалдан авах, “Олл мастерс” ХХК-тай 1 багц дээр 386.200.000 /гурван зуун наян зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийн уураг, амин дэм худалдан авах гэрээг тус тус байгуулан тамирчдын уураг, амин дэмээр төлөвлөгөөтэй хяналттай хангах үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл хангагдсан болно.

Ийнхүү үндэсний шигшээ багийн тамирчдад  “Моносфарм трейд”, “Азифарм”, “Олл мастерс”, “Тамирчин нөхөн сэргээх сувилал” ХХК-ууд эм витаминжуулалт олгохоор болж БТСХТ-тэй гэрээ байгуулан ажиллаж байна. Гэрээг эдгээр компаний төлөөлөгч нартай БТСХТ-ийн дарга  Д.Жаргалсайхан байгуулжээ. 

Спортын анагаах ухааны алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна