Улаан бурхны 11400 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2016 оны 3 сарын 24

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар нийт 323 өвчтөн Улаан бурхнаар өвдлөө гэж тусламж авахаар хандсан байна. Үүнээс 64 өвчтөн нь заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж эмч нар үзжээ. Үлдсэн 259 өвчтөн нь гэрээр эмчлүүлж юм. Намжаад байсан Улаан бурхны дэгдэлт өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн дахин сэргэж, бага сартай буюу 0-8 сартай эсвэл 15-28 насны залуучууд энэ халдвараар өвдөх нь нэмэгджээ. Иймээс улаан бурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакциныг уг халдвараар өвчилсөн хүний дэргэд байсан буюу голомтод буй иргэд заавал хийлгэх шаардлагатайг Халдварт өвчлөл судлалын үндэсний төвөөс санууллаа. Улсын хэмжээнд 70 мянган тун вакцин байна. Үүнээс 40 гаруй мянгыг нь орон нутагт буюу аймгуудад тараажээ. Халдварын голомт Улаанбаатар хотод хамгийн их. Мөн хүн ихээр зорчдог зам дагуух Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч буйг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Улаан бурхнаар өвдсөн хүний эргэн тойрны хүмүүст халдварын эсрэг вакцин хийж чадвал уг өвчлөлийн халдварыг устгах боломжтойг Ч.Уртнасан дарга тодотголоо. Иймээс өрх, багийн эмч нар өвчний голомтод буй иргэнийг олж яаралтай вакцин тарих. Эсвэл дэргэдэх хүн нь буюу цэцэрлэг, сургуулийн аль нэг анги, бүлгийн хүүхэд улаан бурхнаар өвдсөн бол тухайн сургууль, цэцэрлэгийн эмч нар өрх, сумын эмнэлэгтээ яаралтай хандаж урьдчилан сэргийлэх вакциныг бүх хүүхдүүддээ хийлгэх ёстой болжээ.

Хэсэг хугацаанд чимээгүй байсан улаан бурхны халдвар яагаад дахин дэгдэв гэдэгт эмч нар хүн амын дархлаа суларсантай холбоотой гэсэн хариултыг өгч байна. Нэг удаа халдварын эсрэг вакцин хийлгэсэн хүнд улаан бурхны өвчлөл хөнгөвтөр, хоёр удаа вакцин тариулсан иргэнд хөнгөн, огт хийлгэж байгаагүй хүмүүст хүнд тусаж байгаа юм. Иймээс дархлаа нь суларсан болон өмнө нь огт халдварын эсрэг вакцинд хамрагдаж байгаагүй иргэн бүр улаан бурхны эсрэг тариаг хийлгэх шаардлага тулгарчээ. Он гарсаар бага насны зургаан хүүхэд улаан бурхны халдвараар өвдөж, өвчнөө дийлэлгүй таалал төгсөн өр өвдмөөр тохиолдол болсон. Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд бөгөөд ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж, улаан бурхны тархалтыг хэрхэн зогсоох, эмчилгээг хэр үр дүнтэй болгох вэ гэдэгт тодорхой хариултуудыг өгсөн юм.

Улаан бурхан өвчин нь амьсгалын замаар халддаг өвчнүүд дотроос хамгийн халдварлалт өндөртэй өвчинд тооцогддог. Энэ он гарсаар улсын хэмжээнд нийт 11400 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үүнээс 22 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй улсад улаан бурхан өвчин гараад байна. БНХАУ, ОХУ-д улаан бурхны дэгдэлт мөн өндөр буйг салбарынхан нь мэдээллээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна