Бүх зөвлөхийг шалгахыг шаардлаа

2016 оны 3 сарын 24

Шинэчлэлийн засгийн газрын үед “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж үр дүнд нь иргэдийн халааснаас гарах байсан 46.7 тэрбум төгрөгийг хэмнэсэн гэж Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх М.Хүдэрбаатар өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр тус хөтөлбөрийг ахалсан хүнийг буруутай гэж үзсэн бол бусад бүх зөвлөхийг шалга гэлээ. Мөн “Нүүрс хөтөлбөр”-ийг зөвхөн Л.Гансүх санаачилсан бус Засгийн газар санаачилж, хэрэгжүүлсэн юм. Иймээс ганц хүнийг онцгойлон яллах нь улс төрийн агуулгатай шийдвэр гэж ойлгогдоод байна хэмээн М.Хүдэрбаатар зөвлөх тайлбарлалаа. Улсын дээд шүүх өчигдөр Л.Гансүх нарын хэргийг хянан хэлэлцэж, анхан болон дунд шатны шүүхийн Л.Гансүхэд оноосон 4.6 жилийн хорих ялыг 3.6 болгож, Н.Даваахүүд оноосон 19.2 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээж, Б.Мөнгөнтуяаг цагаатгасан юм.

Цаашдаа Шинэчлэлийн засгийн газрын үед Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан хүмүүс хамтран Л.Гансүхийг суллатал тэмцэхээр болжээ. Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж буй ч Багануур хувьцаат компанийн зүгээс гомдолгүй гэсэн хариултыг анхан шатны шүүхийн танхимд хэлсэн гэдгийг М.Хүдэрбаатар зөвлөх онцоллоо. Мөн тэрбээр “Нүүрс хөтөлбөр”-ийг цаашид ч хэрэгжүүлэх шаардлагатай гэж тооцжээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд жилд 800 мянган тонн нүүрс хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Жижиг хэрэглэгчдийн дийлэнх нь Налайх болон Багануурын нүүрсний уурхайгаас, цөөн хувь нь “Алаг толгойн” нүүрсээр хэрэгцээгээ хангадаг байна. “Нүүрс хөтөлбөр” хэрэгжиж байх үед иргэд долоон дахин нэмэгдсэн үнээр өмнө нь авдаг байсан Багануурын уурхайн нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр авдаг байжээ.  Мөн 40 кг-аар савласан том шуудайтай нүүрсийг гэрийнхээ гаднаас ердөө 3200 төгрөгөөр худалдан авч байсан аж. Уг нь Багануурын уурхай дээр нэг тонн нүүрс 27 мянга 500 төгрөг, шигших зардал нэмэгдээд 30 мянган төгрөг байхад нүүрсний ченжүүд дээрх үнийг 210 мянган төгрөг болгон нэмж зардаг байсан байна. Харин цахилгаан станцуудад нийлүүлдэг байсан үнийг 20 мянга 500 төгрөгөөс 22 мянга 500 төгрөг болгон өсгөжээ. 

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна