Батлан хамгаалахад зарцуулах төсвийг жил бүр нэмэгдүүлж байхаар заасан

Хуучирсан мэдээ: 2016.03.24-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахад зарцуулах төсвийг жил бүр нэмэгдүүлж байхаар заасан

 

УИХ-аар 2015 онд шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт орсон өөрчлөлт шинэчлэл, онцлогыг таниулах уулзалт ярилцлагыг Батлан хамгаалах яамны харъяа аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний анги, байгууллагад зохион байгуулсаар байна. Уулзалт ярилцлагыг УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон холбогдох ажлын хэсгийнхэн хөтлөн явуулж байгаа юм. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ сард БХИС болон Зэвсэгт хүчний хэд, хэдэн ангид ажиллаж бодлогын баримт бичгээ танилцуулсан бол энэ удаа Зэвсэгт хүчний 084, 124 дүгээр ангийн ажилтан алба хаагчдад мэдээлэл өглөө. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид төрийн торгон цэргүүд ёслол төгөлдөр угтан авсаны дараа бие бүрэлдэхүүнтэй хийх уулзалт ярилцлага эхэлсэн юм.

 

 

Тэрээр уламжлал ёсоор Монголын батлан хамгаалах салбарын баримталж буй бодлого, батлан хамгаалах салбарын эрх зүйн өөрчлөлтүүд, бүтээн байгуулалтууд, цаашид хийхээр хүлээгдэж байгаа ажлууд зэргийг онцлон ярьсан. Тухайлбал, түүний яриаг товчлон хүргэе. 
2015 онд УИХ-аар Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг батлагдсантай уялдуулан батлан хамгаалахын багц хуулиудыг шинэчлэх эрх зүйн үндэс тавигдсан байгаа. Энэ хүрээнд Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Та бидэнд хүлээлэлттэй байгаа эдгээр хуулийн төслийг УИХ удахгүй нээгдэх чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлана гэдэгт итгэн найдаж байна.

 

Батлан хамгаалах бодлогын баримт бичигт орсон өөрчлөлтийн талаар товч мэдээлэл өгье. Батлан хамгаалах тогтолцоо нь Зэвсэгт хүчин, Дайчилгаа, Орон нутгийн хамгаалалт гэсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Орон нутгийн хамгаалалтыг цөөн үгээр тодорхойлбол бүх нийтээр улс орноо батлан хамгаалах тухай юм. Засаг захиргаа, бүтцийн хүрээнд зохицуулах боломжтой энэ асуудлыг бид тусгайлсан хууль болгох шаардлагатай байгаа учраас мэргэжилтэн, судлаачдын баг хуулийн төсөл боловсруулаад ажиллаж байна. Бодлогын баримт маань улс төр, эдийн засаг, эрх зүй, нийгэм, цэргийн гэсэн таван чиглэлтэй тухай тэр уулзалтын үеэр онцолж байв. Мөн Батлан хамгаалах бодлогын баримт бичигт Төрийн цэргийн байгууллын тогтолцоо, түүний бүрэлдэхүүн дэх байгууллагуудын эрх зүйн үндсийг тодорхойлсон. Тайван цагт Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдал нь нэгдмэл байхаар тусгалаа. Зэвсэгт хүчин нь өөрөө агаарын цэрэг, хуурай замын цэргээс бүрдэнэ. Агаарын цэрэг гэдэг бол манай харьцангуй шинэ учраас үүнийг цаашдаа төгөлдөржүүлсэн бие даасан цэрэг болгож хөгжүүлэх маш том ажил бий. Ер нь үе, үеийн УИХ, Засгийн газраас батлан хамгаалах салбараа дэмжих хандлагатай байдаг. Иймд бидний зүгээс хамгийн оновчтой шийдэл олж, санал санаачлагаа хэрэгжүүлж чадвал Зэвсэгт хүчин маань улам хүчирхэгжиж чадна. Бодлогын үндэс баримт бичигт улсын төсвөөс батлан хамгаалах салбарт зарцуулах төсвийг жил бүр нэмэгдүүлж байхаар заасан. Энэ бол том амжилт. Хэдийгээр батлан хамгаалах салбартаа зарцуулж буй төсөв маш их чамлалттай байгаа ч Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийн хүрээнд энэ байдал засагдаад явах байх гэж харж байна" гэв. Тэрээр цаашид үргэлжлүүлэх ярихдаа "Улс орны хэмжээнд эдийн засаг хүнд байгаа энэ үед бид цэргийнхний тэтгэвэр тэтгэмжийг бууруулахгүй байх, онцгой ур чадвар шаардсан мэргэжилтэй боловсон хүчнийхээ цалинг нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ажиллалаа. 2015 онд хамгийн олон цэргийн алба хаагч орон сууцныхаа нөхцлийг сайжрууллаа. Энхийг сахиулагчид маань үүргээ нэр төртэй гүйцэтгэж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөөр байна. "Оюутан цэрэг" хөтөлбөрт эцэг эхчүүд, их дээд сургуулийн багш нар баяр хүргэж хүүгээ, оюутнаа тэсвэр хатуужилтай, үг даадаг, асуудалд тайван уужуу ханддаг болсон тухай талархал илэрхийлсээр байна" хэмээн онцлон ярьж байв.

 

 

Ярьсан мэдээлэлтэй холбогдуулан асуулт, санал хүсэлтэй олон цэргийн алба хаагч байв. Тэд "Цэргийн цагдаагийн эрх хэмжээг нэмэгдүүлэх ёстой байх. Өнөөдөр энгийн иргэд цэргийн хувцасыг өмсч байна. Үүнийг нь цэгцлэх талаас нь анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас Үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зарим байгууллагын зарим алба хаагч цэргийн хувцасыг дүрмийн бус өмсч байна. Үүнийг тухайн байгууллага гэж харахаас илүү Зэвсэгт хүчний алба хаагч гэж харна шүү дээ. "Бөртэ" төрийн өмчит үйлдвэрийн газрын оёж урлаж байгаа цэргийн хувцас заримдаа шаардлага хангахгүй тохиолдол их. Оёсон хувцасыг нь заавал хасуулж, тануулж байгаа нь нууц биш" гэсэн асуулттай байв. Үүнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичигт Төрийн цэргийн байгууллага гэдэгт Зэвсэгт хүчин, хилийн цэрэг, онцгой байдал, дотоодын цэрэг" байна гэж тодорхой заасан. УИХ-д өргөн барьсан байгаа багц дөрвөн хуулийн төсөл батлагдахаар цэргийн дүрэмт хувцас өмсдөг зарим байгууллага үүнээсээ татгалзах болно. Тэгэхээр дүрмийн бус хувцаслалт цэгцрэх боломжтой юм. Ер нь төсөл хүлээж суухгүйгээр манай холбогдох хүмүүс үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Харин "Бөртэ" үйлдвэрийн талаарх гомдлыг хүлээж авлаа. Тийм асуудал байдаг тухай та бүхэн л хэлж ярихгүй бол энэ дарга нар ярих нь ховор шүү дээ" гэсэн юм. Мөн зарим асуултад нь БХЯ-ны Хяналт-шинжилгээ, дотоод, аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг, яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хуулийн зөвлөх, дэд хурандаа Г.Энхболд нар нэмж хариулж байсан юм. Мөн өөр нэг цэргийн алба хаагч "Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа энгийн алба хаагчдын эрх зүйн орчныг сайжруулах талаар та бүхэн хэрхэн ажиллаж байгаа бол" гэсэн юм. Үүнд Ц.Цолмон сайд "Шинээр өргөн барьсан байгаа хуулийн төсөлд энгийн алба хаагчдын талаар тодорхой заасан. Тэтгэвэрт гарахад нь жил нэмж тооцож байхаас эхлээд онцлог өөрчлөлтүүд бий" гэв.

 

 

Уулзалтын төгсгөлд нь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар "УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өөрийн биеэр хүрэлцэн ирж мэдээлэл өгсөнд баярлалаа. Ц.Цолмон сайд батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлд маш их ач холбогдол өгч, ажил хэрэг болгож байгаад талархлаа илэрхийлэх ёстой" хэмээн онцолсон юм. Мөн Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ ангийнхаа хийж хэрэгжүүлж буй онцлог ажлуудаа танилцуулав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж