Дуут дохио гурван удаа дуугарлаа

2016 оны 3 сарын 24

Сэтгүүлч:
Улаанбаатар

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, бэлтгэл сургуулилт хийдэг билээ. Энэ жилийн дуут дохио өнөөдөр 16.00 цагт  дуугарлаа. Энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой. Энэ хүрээнд яг одоо иргэд ажлын байраасаа гарч, гадаа задгай талбайд олноороо зогсож байна.  Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

Эхний дохио дуугарахад иргэд “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аль болох шил, цонхноос хол, бат бөх ширээн дор орж, бие болон толгойгоо халхлан аюулгүй байдлаа хангаж хүлээнэ. Гудамжид явж байвал гэрэлтүүлэг, цахилгааны тулгуурт багана, өндөр барилга байгууламж зэргээс холдож, биеэ хамгаалан сууна. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч тээврийн хэрэгслийг унтраах үүрэгтэй. Хоёр дахь дохио дуугарахад анги хамт олноороо байгаа бол толгойгоо халхлан нэгийн цуваанд  орж, баруун гар талаа барьж “Гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийг баримталж буй газраасаа гарч аюулгүй талбайд цугларах ёстой. Гарахдаа цахилгаан шат ашиглахгүй. Гурав дахь дохио дуугарахад өөрийн харьяаллын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгнө. Ус, цахилгаан, дулаан зэрэг бидний үндсэн хэрэглээ болсон үйлчилгээ тасарсан тохиолдолд та болон таны гэр бүл хэний ч туслалцааг авч чадахгүй гурван хоног болон түүнээс ч удаан хугацаагаар бие даан амьдрах шаардлага гарч болзошгүй юм.Тиймээс гамшгийн үед хэрэглэх хүн нэг бүрийн 15 нэр төрлийн эд зүйлсийг бүрдүүлнэ. Тухайлбал, хүнс, ус, гар чийдэн, зай, анхны тусламжийн иж бүрдэл, радио хүлээн авагч, багаж хэрэгсэл, скоч, хутга, нийлэг уут, шүгэл, дулаан хувцас, чухал бичиг баримтаа хадгалах, ариун цэврийн хэрэгсэл, лаа, шүдэнз, төлбөрийн карт, үүргэвч, унтлагын уут зэргийг бэлдсэн байх шаардлагатай аж. Өнгөрсөн жилийн хувьд 670 гаруй мянган иргэн,  ААН энэхүү гамшиг, ослын дуут дохионы дагуух сургалтад хамрагдсан байна. Энэ нь өмнөх жилийнхээс 15 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Д.ТЭРГЭЛ

Зургийг Н.БАТМӨНХ, Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна