ТОСК өнөөдөр хувийн байгууллагынхныг бүртгэнэ

2016 оны 3 сарын 25

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн бүртгэл зорилтот бүлэг тус бүрээр ээлжлэн үргэлжилж байгаа билээ. Тэгвэл өнөөдрөөс хувийн байгууллагын ажилчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэнэ. Өөрөөр хэлбэл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүртгэл өчигдрөөр дуусч, гуравдугаар сарын 25-28-ны хооронд хувийн байгууллагын ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүртгэж эхэлж байна.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг зургаан хэсэгт  хувааж тодорхой квот олгон, бүртгэлийг ээлжлэн хийж байгаа юм. Хувийн байгууллагын ажилчдад нийт түрээсийн орон сууцны 30 хувийг хуваарилжээ. Ингээд бүртгүүлэх хүсэлтэй иргэд дараах бичиг баримтыг бүрдүүлж  “Төрийн орон сууцны корпораци”-д, орон нутгийн иргэд аймаг, нийслэлийн засаг даргын Тамгын газарт дараах бичиг баримтыг бүрдүүлж өгнө.

  • Иргэний цахим үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг, хороонд хэдэн жил амьдарч байгааг тодорхойлсон байна/
  • Энэхүү журмын хавсралт маягтын дагуу гаргасан өргөдөл
  • Орлого тодорхойлох баримт бичиг / нийгмийн даатгалын дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхэлдэг бол орлогыг нотлох баримт/-ын хуулбар
  • Үндсэн өмчлөлийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа
  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд энэхүү журмын 4.1-д заасан баримт бичгээс гадна аймаг нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан байна.

 

Шалгуур, үзүүлэлт

Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдэд тавигдах шалгуур, үзүүлэлтэд

  • Эрх зүйн бүрэн чадамжтай 21 насанд хүрсэн байх
  • Тухайн орон нутагт түр болон байнга оршин суудаг
  • Тогтмол орлогтой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой байх
  • Гэр хороололд амьдардаг, үндсэн өмчлөгчийн хувиар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх

Орон сууцад орох хүсэлтэй ч бэлнээр худалдаад авах орлогогүй, ипотекийн найман хувийн зээлд хамрагдъя гэсэн ч урьдчилгаа төлбөрийн мөнгө нь хүрдэггүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эсвэл эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болоод байгалийн гамшигт орох оронгүй болсон иргэдэд зориулж, Засгийн газраас түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Эхний ээлжид Улаанбаатар хотод “Буян-Ухаа II” хороололд 350 айлын Архангай, Увс, Дархан-Уул, Хэнтий, Ховд аймгийн төвүүд, Сэлэнгэ аймгийн Зүүн хараа, Хэнтий аймгийн Бор-Өндөрт баригдсан 579 айлын 30-50 хүртэлх метр квадраттай орон сууцыг таван жил хүртэлх хугацаатай түрээслэх юм.

Түрээсийн орон сууцанд бүртгүүлэх хуваарийг доорх хүснэгтээс харна уу.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна