“Давхар дээл”-ийг тайлах төсөл дахин барив

2016 оны 3 сарын 25

Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийглөгч Ц.Элбэгдорж санаачилж УИХ-д өргөн барьсан. Энэхүү төсөл нь  “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих ажлын нэг хэсэг юм.

Энэ хуулийн төслийг “давхар дээл” тайлах зорилготой боловсруулсан гэж ойлгож болох юм. Гэхдээ Ерөнхий сайд болон Хууль зүй, Гадаад хэрэг, Сангийн сайд нар “давхар дээл”-тэй байж болно. Учир нь эдгээр салбар бол Монгол Улсын бодлого тодорхойлогч салбар учраас хууль батлахад оролцох эрхийг олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Харин бусад сайд УИХ-ын гишүүний үүргийг давхар гүйцэтгэж болохгүй хэмээн тусгасан байна. Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өмнө нь 2013 оны зургадугаар сарын 6-ны өдөр өргөн барьж тухайн үед УИХ-аар хэлэлцсэн ч дэмжлэг аваагүй юм.

Өмнө нь нэг удаа бүдэрч байсан уг хуулийн төслийг дахин боловсруулж өргөн барих болсон шалтгаан нь Засгийн газарт хяналт тавих ёстой УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэх, УИХ нь хяналтын чиг үүргээ алдахад хүрээд буйд оршиж байна.

Түүхийг сөхвөл 1998  оны арванхоёрдугаар сард Ж.Наранцацралт Монгол Улсын Ерөнхий сайд болж Засгийн газрын танхимаа УИХ-ын гишүүдээс ангид хүмүүсээр бүрдүүлж байжээ. Үүний дараа 2000 оны сонгуулиар МАХН ялалт байгуулж, Н.Энхбаяр Засгийн газрын тэргүүнээр ажиллахдаа /өөртэй нь 4/ гурван гишүүнийг давхар дээлтэй болгосон юм.

Ердөө л 1998-2000 он хүртэл хоёрхон жилийн хугацаанд УИХ-ын гишүүн бус сайд нар Засгийн газарт орж ажилсан байна. Харамсалтай нь үүнээс хойш Монгол Улсад сайд нар  “давхар дээл”-ээ тайлсан түүх дахин давтагдаагүй юм.

Төр нь төр шиг байж Засгийн газартаа хяналт тавьдаг тогтолцоог хүлээн зөвшөөрч чадахгүй байсаар өдийг хүрсэн төрийн түшээд энэ удаад өөрчлөлт хийж чадах болов уу? Ямартай ч ирэх хаврын чуулганаар хэлэлцэх байх гэсэн хүлээлт өвөрлөөд харж сууя даа.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна