Дээрэлхүү импортлогчид

2016 оны 3 сарын 25

Дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ 2014 онтой харьцуулахад 53-61.5 хувиар буурчээ. Түүнийгээ дагаад шатахууны үнэ ч буурч буй. Харин манай улсад шатахууны үнэ цагаан сарын өмнөхөн дуулиан шуугиантайгаар 80-100 төгрөгөөр буурч, салбарын яамныхан “Ард олондоо барьж буй бидний сар шинийн бэлэг” хэмээн баахан сүржигнэсэн. Гэтэл дэлхий нийтэд газрын тосны бүтээгдэхүүний үнэ шалдаа хүртэл буурч, цаашид ч өснө гэсэн найдлагагүй байгаагаа үйлдвэрлэгчид мэдэгдсээр байгаа юм.

Дэлхийн ханш манайд хамаагүй, бид шатахуунаа импортоор авдаг гэж ам таглах хүмүүс таарах нь мэдээж. Газрын тосоо боловсруулж, шатахуун үйлдвэрлэх зардал нэмэгдэнэ гэдгийг ч тооцоолоод үзсэн манай улсад шатахууны үнэ харьцангуй өндөр хэвээр байгаа юм. Урьд өмнөх түүхийг эргэн сөхвөөс дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэг центээр өсөхөд л манай импортлогчид тэр даруй нь Монголд хэрэгжүүлдэг байв. Хилийн үнэ өндөр байна, шатахууны үнэ нэмэхээс аргагүй гэхчилэн сүрдүүлэг дор Засгийн газар “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” боловсруулж, асар бага хүүтэй зээлийг импортлогчдод хаяглан олгож байсан. Тэр үед импортлогчдын сүүл хондлой дээрээ соохолдож байлаа. Одоо ч тэр л зангаараа. Дэлхий нийтийн ханш энд огт хамаагүй гэсэн аясаар хандаж, шатахууны үнийг бууруулах тухай бодох ч үгүй сууна.

Салбарын яамнаас ч энэ тухайд бодож болгоож буй зүйл хомсхон. Урьдыг бодвол ганц эх үүсвэрийн гар харахаа байчихсан хэр нь шатахууны үнэ бууруулах боломж ховор гэсэн үгээр ам таглаад сууж байх жишээтэй. Харин ШӨХТГ-аас өчигдөр (2016.03.24) шатахууны үнийг дахин 100 төгрөгөөр бууруулах боломжтойг сануулав. Гэвч тэдний дуу хоолой нэг л сул, импортлогчдыг гуйсан, аргадсан өнгө аястай байсан юм. ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүн  Улаанбаатар хот орчимд шатахууны үнэ дахин 100 төгрөгөөр буурах боломжтойг харуулсан гэж тус газрын дарга Д.Мөнхтөр мэдээлсэн юм.  Шатахуун түгээх станцуудаар худалдаалж буй А80, АИ92 автобензин, Дизель түлшний одоогийн үнэ дараах байдлаар тус тус буурах боломжтой гэж ШӨХТГ-ын байцаагч нар тооцсон  байна. Үүнд:

 

Шатахууны төрөл

Буурах боломж

Одоо байгаа үнэ

Бууруулсан үнэ

А80 автобензин  

50 төгрөг

1,470 төгрөг 

1,420 төгрөг

АИ92 автобензин

100 төгрөг

1,580 төгрөг

1,480 төгрөг

Дизель түлш 

100 төгрөг

1,690 төгрөг

1,590 төгрөг

 

Ийн буурахад импортлогч компаниудад ямар ч алдагдалгүй гэв. Учир нь газрын тосны бүтээгдэхүүний үнэ хоёр жилийн өмнөхөөс дараах байдлаар буурчээ.

Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/

Нэр төрөл

Хилийн үнэ

2014.01 сар

Хилийн үнэ

2016.02 сар

Буурсан хувь

А80

998.0 ам.доллар

468.0 ам.доллар

53.0%

АИ92

1,143.0 ам.доллар

482.0 ам.доллар

57.8%

Дизель түлш

1,143.0 ам.доллар

440.0 ам.доллар

61.5%

 

Дэлхийн газрын тосны зах зээлийн мэдээ, цаашдын төсөөллөөс харахад Улаанбаатар хот орчимд  шатахууны үнийг буулгах бүрэн боломжтой ажээ. ШӨХТГ-ын зүгээс эхний удаад импортлогчдод үнэ ханшаа буулгахыг уриалж байна гэж Д.Мөнхтөр дарга хэлсэн. Тус газрын уриалга импортлогчдод хонх дуугарсан чинээ сонсдох болов уу даа. Д.Мөнхтөрийн хувьд залуу, шинэ дарга болоод ч тэр үү О.Магнай шиг тэмцлийн хэлбэрийг бус аргадангуй уриалгын хэлбэрийг сонгосон байна. Харин дээрэлхүү импортлогчид түүний гуйлтыг хэрхэн хүлээж авах бол.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна