Дэлхийн сайхан бүсгүйчүүд Монголд ирнэ

2016 оны 3 сарын 25

Авьяас чадвар, оюун билэг, гоо үзэсгэлэнгээр дэлхийн олон тэрбум охид, эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болохуйц нүүр царайг тодруулах зорилготой “FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016” тэмцээн ирэх есдүгээр сард Улаанбаатар хотноо болно. Энэхүү тэмцээнийг “Мисс Монгол консалтинг” төрийн бус байгууллага төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

Тэгвэл сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, захирал Пави Вэнтура, “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл нараас гадна "Face of beauty international 2015" тэмцээний титмийн эзэн болсон Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза, дэд байрын эзэн Унгарын мисс Далма Карман нар тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар манай улсад ирэх гэж байна. Тэд ирэх ням гаригт буюу энэ сарын 27-ны өдөр Монгол Улсад газардана.

Дэлхийд чансаагаараа Miss Universe, Miss World, Miss International, Miss Earth тэмцээний дараа орох FACE OF BEAUTY INTERNATIONAL тэмцээн Монгол Улсад зохион байгуулагдахаар болсон нь эх орноо дэлхийд сурталчилан таниулах томоохон ажил болоод байна.

Тэмцээний бэлтгэл ажилтай танилцахаар ирэх зочид болон миссүүд маань ирэх мягмар гаригт "Туушин" зочид буудалд болох хэвлэлийн хурал болон лхагва гаригт MISSOSOLOGY MONGOLIA загварын шоунд мөн оролцох юм.

Ийнхүү дэлхийн 70 гаруй орны миссүүд оролцох "FACE OF BEAUTY INTERNATIONAL-2016" тэмцээний бэлтгэл ажил эхэллээ.

Miss Mongolia Consulting фэйсбүүк хуудастай хамт байгаарай.

Бид нэмэлт мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна