Хэвлэлийн хүрээлэн 20 нас хүрлээ

2016 оны 3 сарын 25

20 жилийн тэртээ тулгын чулуугаа тулсан Монголын Хэвлэлийн хүрээлэн  Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу  Монгол Улсад хараат бус бие даасан хэвлэл мэдээллийг дэмжин хөгжүүлэх зорилгоор  байгуулагдаж байсан юм.

Монгол Улсад чөлөөт, бие даасан, олон ургальч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх Монголын хэвлэл мэдээллийн ажилтнуудын сэтгүүл зүйн мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд туслах Монголын хэвлэл мэдээллийн хөгжилд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүн шинжилгээ хийж, хэвлэл мэдээллийн судалгааны мэдээллийн солилцоог дэмжин дэлгэрүүлэх Улс орны нийгэм, эдийн засаг, оюун санааны амьдралд хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчилах зорилгоосоо ухарч няцаагүй Хэвлэлийн хүрээлэнгийн 20 жилийн ой ойрын өдрүүдэд тохиож байна.

Тус хүрээлэнгээс Дани Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжсэн "Чөлөөт хэвлэл" (1995 - 1999), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс санхүүжсэн "Ардчилал ба сэтгүүл зүй" (1997 - 2000), ТАСИС-аас санхүүжсэн "Хариуцлагатай, олон ургальч хэвлэл мэдээлэл ба сэтгүүл зүйн мэргэжлийн стандарт" (1999 - 2001), ДАНИДА-аас санхүүжсэн "Монгол дахь сэтгүүл зүй ба хэвлэл мэдээлэл / Монголын хэвлэл мэдээллийн мониторинг" (1999 - 2002) Нээлттэй Нийгмийн Хүрээлэнгээс санхүүжсэн “Стратегийн хөгжлийн дэмжлэг” (2003-2004), ЮНЕСКО-гийн дэмжлэгээр “Фото сэтгүүл зүйн сургалт” (2004-2005), Английн төв номын сан, Лизбет Розингийн сангийн дэмжлэгтэйгээр “Тогтмол хэвлэлийн цахим архив”-ын төсөл (200-2007) зэрэг олон төслийг амжилттай хэрэгжүүлж иржээ.

Түүнчлэн сэтгүүлч, уран бүтээлчдийн зорих дуртай газрын нэг болсон Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн хамт олонд мэдээллийн NEWS агентлагийн зүгээс ойн баярын мэнд хүргэж, цаашдын их үйлсэд нь оргилуун амжилт хүсье.

NEWS агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна