Дутуу түгээсэн цахилгааны төлбөрийг нэхэмжилнэ

2016 оны 3 сарын 25

 
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулж, цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргийг хүлээдэг. Гэтэл Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газрын харьяа болон хувийн орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоод өөрсдийн эрх мэдлийг хэтрүүлэн ус, дулааны болон бусад төлбөр тооцооны асуудлаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг нь хязгаарлах тохиолдолд гарч байгаа тухай гомдол тасрахгүй байна.
 
“УБЦТС” ТӨХК-иас ОСНААУГ, СӨХ-ийн дээд зөвлөлд хандан хэрэглэгчдийг хохироон бухимдуулж, эрчим хүчийг тасралтгүй түгээн борлуулах үйл ажиллагааг тасалдуулан ажлын ачааллыг нэмэгдүүлэн компанийн нэр хүндэд халдаж буй хууль бус үйлдлээ зогсоох талаар албан бичиг удаа дараа өгч, мэдэгдэж байгаа боловч энэ үйлдэл гарсаар байна. Тиймээс хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчийг дур мэдэн тасалсан нэр бүхий ОСК, СӨХ-ноос дутуу түгээгдсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэх, цаашлаад шүүхэд шилжүүлэх хүртэл арга хэмжээг авч ажиллах болсныг анхаарууллаа. Түүнчлэн ийм тохиолдлоор хэрэглээгээ хязгаарлуулж, эрх ашиг нь хөндөгдсөн хэрэглэгчдийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаж эрхээ хамгаалуулахыг уриалж байна.
Удаа дараа зөрчил гаргасан орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо:  

"Санконфорт", “Батдулаан өргөө” ОСК, “Эв нэгдэл” СӨХ, “Гангар инвест” ОСК, “ТАУНКОМПОРТ” ХХК, ОСНААУГ-ын харьяа ХҮТ-4, “Маршал комфорт” ОСК, Шинэ 100 айл, “Хайран” СӨХ, “Од” СӨХ, “Соёмбо” СӨХ, “Нархан” СӨХ, “Үлэмж өрнөх” СӨХ, “Цоглог” СӨХ, “Сэргэлт” СӨХ
 
“УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна