Охидын футзалын лиг өндөрлөж, түүхэн ялалтын эзэд тодров

2016 оны 3 сарын 25

Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жил футзалын олон уралдаан тэмцээнийг зохион байгуулж буй бөгөөд үүний нэг нь охид эмэгтэйчүүдийн анхдугаар лиг байлаа. Эхний жилдээ зохиогдож байгаа гэдгээрээ онцлогтой тус тэмцээн лигийн эхний өдрөөс л олны анхаарлыг татсан юм. Мэдээж хэрэг өнгөрсөн зун гадаа талбайн анхны лигийн тэмцээнийг зохиосон нь ч үүний суурийг тавьсан ажил байсан юм. Охид, эмэгтэй хөлбөмбөгийн тамирчдыг дэмжих тал дээр онцгой анхаарч тэдний оролцоог нэмэгдүүлэхийг хичээж буй бөгөөд ямартай ч энэ удаагийн футзалын лигт 13 багийн 170 гаруй тамирчид хоёр насны ангилалд зохиогдлоо.

Ингээд 11 хоногийн турш амжилттай зохиогдсон тус тэмцээний сүүлийн өдрийн хариуцлагатай тоглолтууд өчигдөр болж медалийн эздэд шагналыг гардууллаа. Тэмцээний 17 хүртэлх насны хүрэл медалийг С.Буд дасгалжуулагчтай “Хад” клүбийн тамирчид хүртлээ. Нийт зургаан тоглолтоос гурван хожил 1 тэнцээ байгуулж 11 оноог өөрсдийн болгож хүрэл медалийн тавцанд зогслоо. Шагналыг МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч, Техник хөгжлийн хорооны дарга ноён Б.Буман-Учрал, МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, Эмэгтэйчүүдийн хорооны дарга ноён Б.Болдбаатар мөн МХБХ-ны Гүйцэтгэх захирал ноён Ш.Жаргалсайхан нар гардууллаа.

Мөнгөн медалийг С.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Дэрэн” клүбийн баг тамирчид хүртсэн. Тэд түрүүлэх ч боломжтой байсан хэдий ч сүүлийн тоглолтондоо “Арвис” клүбтэй тэнцсэнээр дэд байранд шалгарлаа.  

Монголын хөлбөмбөгийн түүхэнд бичигдэн үлдэх амжилтыг үзүүлж анхдугаар лигийн аварга багаар Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” клүб шалгарлаа. 10 оноотой сүүлийн өдрийг хүртэл яах нь тодорхойгүй байсан ч “Туулын Том Тулнууд” багийг сүүлийн тоглолтонд илүүрхэн ялж шар медаль болон цомын эзнээр тодорлоо.

Энэ насны шилдгүүдээр дараах тамирчид тодорлоо

Шилдэг хаалгач: Б.Алтжин /Монголын тэмүүлэл/

Шилдэг тэгш тоглогч: М.Энхтэнгэр /Дэрэн/

Шилдэг мэргэн бууч: Г.Улсбаяр /Монголын тэмүүлэл/

Тэмцээний ахлах нас буюу 18-аас дээш насны ангилалд нийт зургаан баг оролцсоноос хүрэл медалийг Б.Мөнхжаргал дасгалжуулагчтай “Хад” клүб хүртлээ. Тэд мөн л лигийн төгсгөл хүртэл түрүүлэх хэмжээнд яригдаж байсан баг. Ямартай ч сүүлийн өдрийн тоглолтондоо Зөгийнүүд багийг 4-2 харьцаатай ялж медалийн тавцанд зогсож чадлаа. Мөн “Хад” клүб хоёр насны ангилалд давхар амжилтыг гаргаж чадсан байна.

Мөнгө болон алтан медаль эхнээсээ л ээдрээтэй байсан. Нэг нь нөгөөгийн тоглолтын үр дүнгээс хамаарсан тэр ч утгаараа багууд нэг нэгнээ эсрэг баг хэдий ч дэмжсэн үнэхээр л өрсөлдөөн, тэмцээн гэдгийн мөн чанарыг энд харууллаа. Ижил оноотой тэргүүлэгч байсан “Арвис” болон “Эрчим” клүбүүдийн тоглолтонд Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” ялалт байгуулж чадсанаар мөнгөн медалийг хүртлээ.

Энэ удаагийн лигийн хамгийн сүүлийн тоглолтыг хийсэн “Туулын Том Тулнууд” клүб 5-3 харьцаатай ялалт байгуулсанаар ийнхүү аваргаар тодорлоо. Хэрвээ “Монголын тэмүүлэл” ялалт байгуулсан бол “Эрчим” хүрэл дээр бууж харин “Арвис” түрүүлэх байсан. Гэхдээ спортод бүх зүйл одоо цаг дээр болдог учир “Тулнууд олон ч хүний таамгийг эвдэж цомыг гардан авлаа.

Энэ насны шилдгүүдээр

Шилдэг хаалгач: Б.Халиун /Эрчим/

Шилдэг тэгш тоглогч: Г.Шинэцэцэг /Монголын тэмүүлэл/

Шилдэг мэргэн бууч: Ө.Ундрах /Туулын Том Тулнууд/ нар тодорлоо

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна