Худгууд “ухаажиж”, цагийн хязгааргүй ажиллаж байна

2016 оны 3 сарын 25

Гэр хорооллын иргэдийг усаар хангадаг гүний болон зөөврийн худгууд  цахимжаж, цагийн хязгааргүй ажилладаг болоод гурван сар өнгөрлөө. Нийслэлийн хэмжээнд төв шугамд холбогдсон 374 худаг, усаа зөөвөрлөж авдаг 270 худаг байдаг. Эдгээрээс эхний ээлжинд  20 нь ухаалаг системд холбогдсон юм. 2016 ондоо багтаж дахин 100 худгийг ухаалаг системд холбоно гэлээ. Ингэснээр иргэд тусгай суурилагдсан автомат төхөөрөмжид карт уншуулан, усны савныхаа хэмжээг литрээр тооцон тохируулан усаа авдаг болжээ.  Цахим төхөөрөмжид шилжсэн  худгийн ойролцоо аж төрдөг таван мянган өрх, айлын 30 орчим мянган иргэнд ус авах төлбөрийн картыг нь үнэгүй тараасан аж. Усны төлбөрийн карт нь автобусаар зорчих төлбөрийн карттай яг ижил. Нэг литр ус нэг төгрөг гэж тооцон тухайн иргэн өөрийн боломжоороо Хаан банкид очин, Ус сувгийн удирдах газрын данс руу мөнгөө хийж картаа цэнэглэх юм. Цаашид Ус сувгийн удирдах газар үүрэн телефоны оператор компаниудтай хамтран ажиллаж, “Мобиком”, “Юнител”-ийн урамшууллын “candy”, ”GG” оноог төлбөрийн картад шилжүүлдэг болох аж.

Тусгай сериал дугаараар баталгаажсан автомат төхөөрөмжийг 5-6 сая төгрөгийн өртгөөр Монгол инженерүүд бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь 24 цагийн хяналтын замертай юм. Одоогийн ашиглаж буй төлбөрийн карт хугарч, эмтрэх л юм бол дахин ашиглах боломжгүй аж. Тиймээс картыг эдлэж хэрэглэх, хадгалахад амар байх, хаяж гээгдүүлэхгүйн тулд  түлхүүрийн оосор болгон хэвлэхээр төлөвлөжээ. Хэрэв иргэд картаа гэмтээсэн бол Ус сувгийн удирдах газар хандаж 5000 төгрөгөөр шинэ карт авч болно. Картыг бүртгэлтэй хэн ч эзэмших боломжтой юм.

Ийнхүү худгууд ухаалаг болсон нь иргэдэд их амар, дөхөм болсныг БЗД-ийн II хорооны иргэн Б.Сүхээ гуай сайшаалаа. Усаа  цагийн хязгааргүй авахаас гадна ус хэмнэх нэг арга болсныг мөн тэрбээр ярьсан юм. Баянзүрх дүүрэг Дарь-эхийн зам дагуу нийт 10 худаг цахимжсан байна. Нэг нь 052 дугаар худаг. Төв шугамд холбогдсон энэ худгаас иргэд өдөрт 10-15 тонн усыг, усны зөөврийн машинууд 250-300 тонн ус авдаг юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна