Монгол, Шинэ Зеландын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

2016 оны 3 сарын 25

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2016 оны 3 дугаар сарын 23-нд Уэллингтон хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, шинэ зеландын талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Хойд Азийн асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Ж.Күүмбс нар тус тус даргалав.

Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр талын харилцааны өнөөгийн түвшинд үнэлэлт өгч, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломж, ялангуяа хөдөө аж ахуй, аялал жуучлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд хоорондын солилцоог хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцав. Мөн үеэр талууд бүс нутаг, олон улсын байдлын асуудлаар мэдээлэл солилцов.

Монголын тал ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, түүнийг тойрсон салбар арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв.

Монгол, Шинэ Зеланд нь 2015 онд дипломат харилцаа тогтсоосны 40 жилийн ойг тэмдэглэсэн.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна