Монгол, Австралийн ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт болов

2016 оны 3 сарын 25

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2016 оны 3 дугаар сарын 24-нд Канберра хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, австралийн талаас Гадаад хэрэг, худалдааны яам(ГХХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Флэтчэр нар тус тус даргалав. Австралийн ГХХЯ-ны Орлогч сайд П.Варгиз ТНБД Д.Ганхуягийг хүлээн авч уулзав.

Талууд 2014 онд болсон Анхны зөвлөлдөх уулзалтаас хойш хоёр талын харилцаанд гарсан ахицуудыг онцлон дурдаад харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал,  хөгжлийн хамтын ажиллагаа, тэр дундаа боловсролын тэтгэлэг, мөн хөрөнгө оруулалт, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцон ярилцав. Монголын тал ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, түүнийг тойрсон салбар арга хэмжээнүүдийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв. Уулзалтын үеэр мөн бүс нутаг, олон улсын байдлын талаар мэдээлэл солилцон байр сууриа илэрхийлэв.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна