Р.Каражич 40 жилийн ял авчээ

2016 оны 3 сарын 25

 

Гаага дах олон улсын цэргийн шүүх пүрэв гаригт Боснийн Сербийн удирдагч асан Радован Каражичийг хүн төрөлхтний эсрэг дайны гэмт хэрэг өдүүлсэн, геноцид явуулсан зэрэг есэн зүйлээр яллаж, 40 жил шоронд хорих ял оноолоо. Радован Каражичийг 1992-1995 оны хооронд Боснийн дайны үед 100,000 орчим хүнийг хоморголон устгасан дэлхийн II дайнаас хойшхи хамгийн аймшигтай цуст аллагад буруутай гэж үзсэн юм.

 

Боснийн Сербийн удирдагч асан Радован Каражич Боснийн дайны үед Сребреница хотын  лалын шашинт 8,000 хөвгүүд, эрчүүдийг хөнөөсөн цуст аллагад гол үүрэг гүйцэтгэсэн юм.

 

Шүүх хурлын үеэр ерөнхий шүүгч ялын тогтоолыг уншихдаа Радован Каражич, генерал Радко Младич нар Сребреница хотын эр хүйстэй болгоныг устгаж байсан” гэжээ.

 

Шүүгч цааш нь “Каражич, Боснийн Сербийн удирдагч байсан энэ хүнд хүмүүсийг хоморголон устгах цуст аллагыг зогсоох бүрэн эрх мэдэл байсан ч хоригдлуудыг цаазаар авах тушаал өгч байсан” гэсэн юм.

 

1995 онд Каражичийн тушаал заавраар генерал Радко Младичийн шууд удирдлага дор Сербийн зэвсэгт хүчин Сребреница хотын лалын шашинт иргэдийн эсрэг урьдаас төлөвлөсөн алан хядах ажиллагаа явуулж, лалын шашинт эрчүүд, хөвгүүдийг ялгалгүй буудан хороосон байдаг.

 

Шүүх хурлын танхимд Радован Каражич өөрт нь оноосон ялыг сонсоод ухаан алдах шахсан ажээ. Өдгөө 70 нас хүрч байгаа Радован Каражич шүүхэд давж заалдахаар төлөвлөж байгаа юм байна. Боснийн Сербийн удирдагч асан Каражич дайны гэмт хэрэгт эрэн сурвалжилснаас хойш арав гаруй жил оргон зугатсаны эцэст 2008 онд баривчлагдсан юм.

 

"Дайны гэмт хэргийн хохирогчдын гэр бүлийнхэн энэ өдрийг хорь гаруй жил хүлээсэн. Каражичийг шүүхийн өмнө авчирсан энэ үйл явдал эрх мэдлээ ашиглан харгислал үйлдэгч балмад этгээдүүд шийтгэлээ хүлээдэг гэдгийг батлан харууллаа” хэмээн Хүний эрхийн олон улсын байгууллагын ахлах консул Парам-Прийт Сингх ярьсан байна.

 

Каражичид 11 зүйлээр ялын дээд хэмжээ оноохоор төлөвлөж байсан ч ерөнхий прокурор 70 настай Каражичийн хувьд 40 жилийн ял бол дээд хэмжээтэй ялгаагүй гэж үзсэн байна.

 

Каражичийн хэргийн шүүх хурал бараг зургаан жил үргэлжилсэн юм. Өнгөрсөн хугацаанд Каражич өөрийгөө буруугүй, хийсэн зүйл нь зөвхөн Сербийн ард түмнийг хамгаалахын тулд байсан хэмээн мэдүүлж байжээ.

 

Радован Каражичд ял оноосон тухай мэдээг Боснийн лалын шашинт иргэд баярлан хүлээн авч, хохирогчдын ар гэрийнхний санаа амарчээ. Харин Сербийн нийслэл Белград хотод Каражичийг дэмжигч хэдэн мянган хүн гудамжинд гарч жагсчээ.

 

Боснийн дайнаас хойш хуваагдмал байдалд байгаа Сербид Каражичийг дэмжигчид “Бид бүгд Радован” гэсэн бичигтэй лоозон гудамжинд наажээ.

 

Боснийн дайны үед эцэг нь лалын шашинтнуудыг удирдаж байсан Боснийн ерөнхийлөгч Бакир Изетбегович Каражичид оноосон ял бол аймшигтай үзэл суртал, бодлогын эсрэг ял” гэсэн юм.

 

Сербийн ерөнхийлөгч агсан Слободан Милошевич 1990 онд Югослав улс задран унасны дараа Балканы хойг даяар зөрчил, мөргөлдөөн үүсгэсэн хэрэгт буруутгагдаж олон улсын цэргийн шүүхэд очихоосоо өмнө 2006 онд шоронд нас барсан.

 

Боснийн дайны гэмт хэрэгтнүүдийн шүүх хурал дуусаагүй бөгөөд Каражичийн армийн генерал байсан Радко Младич, Сербийн үндсэрхэг үзэлтэн Вожислав Шешель нарын дайны гэмт хэргийг шүүх ажээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна