Монголын ашигт малтмалын лиценз санхүүгийн луйврын хэрэгсэл болжээ

2016 оны 3 сарын 25

-Мохамед Ибрахим Муншигийн талаар интернэт хайлтаар олдох мэдээллээс харвал түүнд Монголын уул уурхайн 40 гаруй лиценз байдгийн зэрэгцээ оффшор бүсэд хөрөнгө оруулагч, мөнгө угаах санхүүгийн луйвар, хууран мэхлэх ажиллагаа явуулдгаараа хар дансанд бүртгэгдсэн хүн юм байна-

Малайзийн иргэдийн ирээдүйн тэтгэврийн мөнгийг хадгалдаг Тэтгэврийн сангаас тус улсын нэр бүхий компанид олгогдсон дөрвөн тэрбум ренгитийн зээлийн зарцуулалтыг тус улсын Засгийн газрын тэргүүн бөгөөд Сангийн сайд Нажиб Разак бүрэн тайлбарлаж чадахгүй байгаагаас үүдэлтэй дуулианы талаар манай сонин өчигдрийн дугаартаа нийтэлсэн. Дээрх мөнгөний тодорхой хэсэг нь Монголд бүртгэлтэй Гоби Коул энд Энержи гэх пакистан эзэнтэй компанийн хувьцааг худалдан авахад зарцуулагдсан талаарх мэдээлэл жил гаруйн өмнөөс гадаадын хэвлэлүүдэд гарч эхэлсэн юм. Харин энэхүү мөнгөний асуудлаар АНУ-ын Холбооны мөрдөх товчоо шалтгал явуулж эхэлсэн ба үүнд нэр холбогдсон Монголын Гоби Коул энд Энержи компанийн хөрөнгө оруулагч, Пакистаны иргэн Мохамед Ибрахим Мунши өнөөдрийн байдлаар Монголд байгаа аж. Тэрчлэн түүнийг санхүүгийн хууль бус арга хэрэгслийг ашиглан бусдыг залилсан хэрэгт Монголын цагдаагийн байгууллага сэжиглэн шалгаж буй юм.

Мохамед Ибрахим Мунши нь монгол эхнэртэй бөгөөд эхнэрийнхээ болон түүний ах дүү нарын нэр дээр нэлээдгүй олон орд газрын тусгай зөвшөөрөл бүхий компаниуд байгуулсан хүн юм байна. Тэдгээр компаниудаар дамжуулан их хэмжээний хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас татсан, ингэхдээ тэдний заримыг залилсан байж болзошгүй гэж хуулийн байгууллага үзэж байгаа ажээ.

Өөрийгөө “уул уурхайн салбарт олон жил ажилласан, олон улсын зах зээлд хөрөнгө босгох, босгосон хөрөнгийг зөв удирдаж зарцуулах мэдлэг туршлагатай гадаадын хөрөнгө оруулагч” гэж ярьж ойлгуулдаг Мо Муншитай танил монголчууд цөөнгүй. Мөн гадаад ертөнцөд тэрбээр “Монгол Улс уул уурхайн баялаг ихтэй учраас Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй хөрөнгө оруулагч” хэмээн өөрийгөө танилцуулдаг байна. Түүний хэлж ярьдаг эдгээр зүйлд итгэн санал болгосон компаниудад нь хөрөнгө оруулалт хийж, улмаар “Хувьцаа худалдан авах гэрээ” байгуулсан гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчид нэлээдээр тоологдох аж. Гэхдээ тэдний хамтын ажиллагаа найдвартай, ирээдүйтэй зүйл байж чадаагүйг нотлох баримтууд олон юм байна. Тэдгээр үйл явдал, баримтуудаас харвал Мо Мунши нь ямарваа нэг аргаар гартаа оруулсан уул уурхайн ордын лицензийг ашиглан бусдаас мөнгийг нь салгаж чаддаг ч тухайн хөрөнгө оруулагчийн өмнө хариуцлага хүлээдэггүй, компанийнхаа мэдээллийг нуун дарагдуулдаг, нэг үгээр бол “үл бүтэх” нөхөр бололтой. Тухайлбал, тэрбээр өөрийн эзэмшлийн Парамоунт Майнинг /Paramount Mining/ болон Просперити Ресурс /Prosperity Resourse/ гэх нэр бүхий хоёр компанийн хувьцааг Австралийн хөрөнгийн бирж дээр гаргасан боловч тэдгээр компанийн үнэн зөв мэдээллийг өгөөгүй шалтгаанаар биржээс хөөгдөж, улмаар Австралийн биржийн “хар дансанд” бүртгэгдсэн байна.

Энэ жишээнээс үзвэл тэрбээр хөрөнгийн бирж дээр нүүргүй учраас “хар зах” дээрээс мөнгө босгож явдаг бололтой. Бидэнд байх мэдээллээр бол лав л манай Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Хотгор хэмээх газрын нүүрсний орд, Говь-Алтай аймгийн Зээгтийн нүүрсний ордын лицензийн эзэмшдэг Гоби Коул энд Энержи компанийн нэрээр гадаадаас 180 сая ам.долларыг хөрөнгө оруулалт нэрээр татаж амжсан байна.  Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ноён Жейсон Бансон “банкин дахь дансны гүйлгээг Мо Мунши болон түүний эхнэр Д.Уранбилэг нар гардан хийдэг, өөр хэнийг ч оролцуулдаггүй, нууцалдаг” болохыг мэдэгдсэн байдаг. Мөн тус компанид хөрөнгө оруулсан гадны хөрөнгө оруулагчид эзэмшил дэх нүүрсний ордууд ямар нөөцтэй, хэзээ үр ашгаа өгөх, тэрчлэн үйл ажиллагаа явуулж буй эсэхийг мэдэхгүй байгаагаа англи хэл дээр хэвлэгддэг олон нийтийн мэдээллийн сайтуудад нэг бус удаа ярьсан байдаг. Тэдний нэг нь Арабын “Аабар”-ын сан.

Хамгийн ихээр анхаарал татах зүйл гэвэл түүний мэдэлд Монгол Улсад бүртгэлтэй 20 гаруй компани байдаг тухай баримт юм. Мо Мунши болон түүний  эхнэр Монгол Улсын иргэн Д.Уранбилэг, түүний ах, эгч нарт хамаарах гадаадын оффшор бүсэд бүртгэлтэй 10 гаруй, Монголд бүртгэлтэй 20 гаруй компани байдаг юм байна. Тухайлбал:

Бритиш Виржини арлуудад бүртгэлтэй:

  1. Зараяа Холдингс  /Zаraya Holdings, BVI/

  2. Гоби Коул энд Энержи Лимитед

  3. Бумбат Консолидэйт

Монгол Улсад бүртгэлтэй:

  1. Зараяа Холдингс ХХК

  2. Бумбат Консолидэйт ХХК

  3. Бумбат Инженеринг ХХК

  4. Бумбат Энержи ХХК

  5. Бумбат Ресурс ХХК

  6. Гоби Консолидэйт ХХК

  7. Гоби Коул энд Энержи ХХК

  8. Граундпросперити ХХК

  9. Сурименежмент ХХК зэргийг нэрлэж болох байна.

Түүний талаар интернэт хайлтаар олддог мэдээлэл дунд дээрх компаниудын нэрс гарч ирэх ба оффшор бүсэд хөрөнгө оруулагч, мөнгө угаах санхүүгийн луйвар, хууран мэхлэх ажиллагаа явуулдаг гэх мэдээллүүд гарч ирдэг. Түүний мэдэлд Монголын орд газруудын лиценз хэрхэн яаж орсон, тэдгээрээр Монголд ямар үйл ажиллагаа явуулж байсан талаар эргэн мэдээлэх болно.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна