Улаан лооль аваад азтан болжээ

2016 оны 3 сарын 25

“Хас” банкны жолооч М.Бортолгой 1200 төгрөгөөр худалдан авалт хийгээд дөрвөн сая төгрөгийн азтан болжээ. Түүн шиг НӨАТ-ын урамшууллаар дөрвөн сая төгрөгийн эзэн болсон дөрвөн иргэнд өнөөдөр азын мөнгийг нь гардууллаа. Тэдний хувьд 1200-6300 төгрөгийн хооронд худалдан авалт хийсэн нь ийнхүү дөрвөн сая төгрөгийг хожиход хүргэжээ.

М.Бортолгой “Азтан болсондоо маш их баяртай байна. Би Жуковын “Миний дэлгүүр”-ээс 1200 төгрөгөөр улаан лооль авсан юм. Тэгээд дөрвөн сая төгрөгийн азтан боллоо. Би олон баримт бүртгүүлсэн. Азынхаа мөнгийг мэдээж хань ижил, үр хүүхдэдээ зориулна” гэлээ.

Харин Б.Чимэддоржийн хувьд ШУТИС-ийн оюутан. Тэрбээр 120-д байрлах “Оргил” худалдааны төвөөс 5870 төгрөгөөр хуурай сүү, цэвэр ус авсан нь ийнхүү азтан болгосон байна. Тэрбээр “Би тэр өдрөө нийтдээ 100 баримт бүртгүүлсэн. Тэдгээрийн нэг нь азтан болголоо. Маш их баяртай байна. Азын мөнгөөрөө юу хийхээ бодож амжаагүй л байна” гэсэн юм.

Нөгөө хоёр азтаны хувьд “Скаймедиа”-гийн төлбөрөө төлсөн, мөн 5000 төгрөгийн худалдан авалт хийжээ.

Харин 400 сая төгрөгийн азтан баримтаа одоог хүртэл бүртгүүлээгүй учраас олдоогүй юм байна. Азтаны хувьд Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-нд худалдан авалт хийсэн билээ. Азтаны хувьд www.ebarimt.mn сайтад бүртгүүлэх, эсвэл баримттайгаа Гааль, татварын ерөнхий газарт ирэх шаардлагатай юм. Бүртгүүлсэн тохиолдолд тухайн иргэний 400 сая төгрөгийг ямар нэг татваргүйгээр олгохоор зохицуулалт хийжээ.

Та НӨАТ-ын сугалаанд оролцохын тулд нэн тэргүүнд баримт хэвлэж өгч буй худалдаа үйлчилгээний байгууллагаар өдөр тутам үйлчлүүлэх хэрэгтэй. Ингээд баримт дээрх бар кодоо ebarimt.mn рүү хандаж бүртгүүлэн, хэрэглэгчийн бүртгэлээ нээх бөгөөд энэхүү эрхээр та бүтэн жилийн турш бүртгүүлсэн бүх баримтынхаа НӨАТ-ын 20 хүртэлх хувийг өөрийн банкны дансандаа буцаан авах боломж бүрдэх юм. Мөн тухай бүрд нь бүртгүүлсэн тохиолдолд та азтан болбол ebarimt.mn сайт дахь таны хуудсанд мэдээлэл ирнэ. Одоогоор томоохон сүлжээ дэлгүүрүүд болон худалдаа үйлчилгээний байгууллагууд кассын машин, баримт хэвлэх төхөөрөмжийг суулгаад байгаа юм.

Иргэд тодорхой мэдээлэлгүй, аль эсвэл хайнга байдлаас үүдэн баримтаа бүртгүүлэхгүй байгаа юм байна. Тухайлбал, НӨАТ-ын урамшууллын системээс нийтдээ 70 470 азтан тодорсан талаар өнгөрөгч даваа гаригт мэдээлсэн. Үүний 5924 иргэнд 234 420 000 төгрөгийг  Төрийн сангаас олгожээ.  Хэдийгээр иргэд олноороо азтан болж байгаа хэдий сугалаагаар хожсон мөнгөө  гар дээрээ авч буй нь цөөхөн байгаа аж. Өөрөөр хэлбэл, нийт азтануудын 10 хүрэхгүй хувь нь мөнгөө авчээ. Учир нь иргэд гар дээр буй баримтаа системд бүртгүүлэхдээ хойрго хандах, эсвэл мэдэхгүй байгаа аж.

Тиймээс төлбөрийн баримтаа бүртгүүлэх хялбар аргыг албаныхан гаргажээ. Тухайлбал, иргэн та www.Ebarimt.mn сайтад утасны дугаараа бүртгүүлсэн тохиолдолд худалдан авалт хийх бүрдээ заавал интернетээр баримтаа бүртгүүлэх шаардлагагүй болно. Учир нь иргэн та 13 13 13 дугаар руу сугалааны дугаар, үнийн дүнгээ бичээд явуулахад системд автоматаар бүртгэгдэх юм. Энэ мэтчилэн цаашид системийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байгаа гэлээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна