Прокурорууд цалингаасаа болж стресстдэг гэжээ

2016 оны 3 сарын 25

“Прокурорын эрх хэмжээ болон үйл ажиллагааны баталгаа” сэдэвт уулзалт болж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтанд  Монголын Хуульчдын холбоо, прокурорууд оролцсон юм. Монголын хуульчдын холбооноос нэг сарын турш 210 прокуророос авсан ажлын байрны хэрэгцээ сэтгэл ханамжийн судалгааг танилцуулсан юм.

Судалгааны үр дүнг товчхон танилцуулбал,

1. Гурван прокурор тутмын нэг нь стресст өртдөг байна. Стресст өртөж байгаа нийтлэг 19 шалтгааныг прокурорууд дурдсан байна. Тухайлбал:

А. Цалин хөлс хангалтгүй байна

Б. Их ачааллаас үүдэж ажлаа хийж амжихгүй тохиолдолд

В. Хэрэг авсан тохиолдолд ямар хэлбэрээр шийдэх вэ гэж байнга бодох нь эргээд стресст оруулдаг байна.

Г. Улс төрийн нөхцөл байдлаас үүдэж прокурорын байгууллагын удирдлага байнга солигдож байдаг. Ийнхүү солигдсоноос болж байгууллагын уур амьсгал өөрчлөгддөг тул стресст орох нэг шалтгаан болдог байна.

Д. Удирдлагын зүгээс аливаа хэрэгтэй холбоотой дарамт шахалт ирдэг

Е. Удирдлагууд ажлын бүтээмжийг шударгаар үнэлэхгүй байхад

Ё. Шүүх хуралдааны өмнө ба дараа учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд тухайн прокурорыг хамгаалдаггүй гэж Хуульчдын холбооны бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Доржпагма танилцууллаа.

“Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 470 прокурор ажиллаж байна. Эдгээр хүмүүсийн дундаж цалин 800 мянган төгрөг байдаг. Ийм цалингаар маш их ачаалалтай ажилдаг. Жишээ нь хоёр сарын өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдаад эхэлчихсэн байхад дүүрэг дээр ажилдаг миний танил прокурор мэдээгүй байсан. Энэ үгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл эдгээр хүмүүс мэдээ ч үзэх завгүй ажилдаг. Үүнээс гадна шүүх хурал болохын өмнө ба дараа ямар ч прокурорыг хамгаалдаггүй ядаж унаа тэрэгний асуудал шийдээд өгчихдөггүй” гэж Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд хэллээ. 

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна