Өнөө шөнө цаг урагшилна

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Өнөө шөнө цаг урагшилна

Монгол Улс өнөө шөнө буюу гуравдугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 02.00 цагт цагаа урагшлуулж, 03.00 цаг болгон зуны цагийн хуваарьт шилжих болсныг Стандартчилал хэмжил зүйн газар /СХЗГ/-аас албан ёсоор зарлалаа. Ийнхүү есдүгээр сарын 23-24 ний шилжих шөнийн 00.00 цаг хүртэлх үргэлжлэх зуны цагийн тоолол нь Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчийг хэмнэх зэрэг олон давуу талтайг шинжээчид онцолж байна.

1998 онд хийсэн эрдэмтдийн судалгаагаар Монгол Улс зуны цагийн тоололд шилжих 4-9 дүгээр сарын хооронд байгалийн гэрэлтэй цагийг илүү ашигласнаар жилд дунджаар 23 орчим сая кВт.цаг цахилгаан эрчим хүчний хэмнэлт гардаг нь тогтоогджээ. Харин 2006 оны байдлаар Диспетчерийн үндэсний төвд хийсэн тооцоогоор цагийн шилжилтээс гарах хэмнэлт нь 140 сая төгрөг болжээ. 10-аад жил завсардсан зуны цагийн хуваарь өнгөрсөн хавраас Засгийн газрын тогтоолоор дахин сэргэж ийнхүү хэрэгжих болсон. Тэгвэл өнгөрсөн зуны хуваарь Монгол Улсын эдийн засаг, эрчим хүчит ямар хэмнэлт авчирсан бэ гэдгийг холбогдох мэргэжилтнүүд судалж, ирэх есдүгээр сард олон нийтэд зарлахаар болжээ.

Зуны цагийн тоололд шилжих нь зөвхөн Монгол Улсын дотооддоо хийж буй зохицуулалт гэдгийг СХЗГ-аас мэдээллээ. Иймээс цагийн бүс өөрчлөгдөхгүй юм. Харин онлайнаар бизнес, ажил үйлчилгээ эрхэлдэг  нисэх, төмөр замын салбар, хөрөнгийн бирж зэрэг байгууллага болон иргэдийн компьютерийн цагийг гар аргаар урагшлуулахад цагийн бүс нь  нэмэгдэж харагддаг.  Тэгвэл зуны цагийн тоололд цагийн бүс доторх цагийн шилжилтийг зохицуулахын тулд Мicrosoft корпорациас Windows үйлдлийн систем суулгасан компьютерийн цагийг автоматаар шилжүүлэхэд зориулсан программыг  монголчуудад зориулж гаргажээ. Энэ тохируулгын хэрхэн хийх видео зааврыг СХЗГ-ын цахим www.masm.gov.mn  хуудасны “таны хэрэгцээнд” гэсэн булан руу орж танилцаж болно.

Монгол Улс 1985 оны хавраас 1999 оныг хүртэл 14 жил гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн шөнө зуны цагийн тоололд шилжиж ирсэн.   Засгын газрын 1999 оны “Зарим тогтоолыг хүчингүй болгох тухай” 48 тоот тогтоолоор Монгол Улсад зуны цагийн тооллыг хэрэглэх  ажлыг зогсоосон бөгөөд Засгийн газрын 2001 оны 93 дугаар тоот тогтоолоор зуны цагийн тооллыг 2006 он хүртэл дахин мөрдөж байсан байна.  Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарьт шилждэг байна. Зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй аж.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж