Бодлогын үндэс баримт бичгийг орон нутгийн ангиудад танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.25-нд нийтлэгдсэн

Бодлогын үндэс баримт бичгийг орон нутгийн ангиудад танилцуулж байна

 

2015 онд УИХ-аар шинэчлэн баталсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг Улаанбаатар цэргийн хүрээний анги төдийгүй орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиудад БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгийнхэн танилцуулж байна. Тухайлбал, Дорнод аймагт БХЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын штабын дарга, хурандаа Б.Ганбаатар, Ховд аймагт БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Удирдлагын хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар нарын албаныхан ажиллаад ирлээ. 

 

Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн алба хаагчдад хурандаа С.Ганбямба Батлан хамгаалах бодлогын баримт бичгийн онцлог, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, тэдний сонирхсон асуултад хариулт өгсөн байна. Тухайлбал, энэхүү бодлогын баримт бичигт товчоор илэрхийлвэл батлан хамгаалах тогтолцоо нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ болохыг тодорхойлж, бодлогын чиглэл, үйл ажиллагааг нарийвчлан тусгаж, төрийн цэргийн байгуулал, Зэвсэгт хүчний бүтцийг төрийн бодлогоор шинэчлэн тодорхойлж, батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлсэн явдал юм. Монгол Улсын төрийн цэргийн байгуулал нь тайван цагт зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагаас бүрдэж, дайны байдлын үед хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчний бүтцэд үүрэг гүйцэтгэхээр тусгасан. Цэргийн байгууллагууд цэргийн нийтлэг дүрмүүдийг даган мөрдөж, цэргийн алба хаагчийн эрх зүйн хэм хэмжээгээр олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Энэ нь цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн цол, цэргийн алба хаагчдын бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байх агуулгыг багтааж байгаа юм. Энэхүү бодлогын баримт бичгийг үндэслээд БХЯ, ЗХЖШ, эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсэг Батлан хамгаалах тухай хууль, Зэвсэгт хүчний тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ерөнхийлөгч эдгээр хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан байна. Ирэх чуулганы хуралдаанаар хэлэлцэн батлах болов уу гэдэг хүлээлт салбарынхан бидэнд бий. Түүнээс гадна “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо" зэрэг бодлогын баримт бичгийн онцлог, батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Ховд, Дорнод,Говьсүмбэр аймгуудад анх удаа "Оюутан цэрэг" хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбогдуулан бригадын генерал Г.Сайханбаяр, хурандаа С.Ганбямба нарын албаныхан орон нутагт ажиллав.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж