Эрүүл мэндийн салбарынхан чих хангинуулав

2016 оны 3 сарын 25

Засгийн газрын харьяа 11-11 төвд өнөөдөр иргэдээс 50 шахам гомдол хүсэлт иржээ. Үүнээс нэлээд нь эрүүл мэндийн салбартай холбогдож байгаа юм. Тухайлбал, №1603257433 дугаартай зочин Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт онош тогтоолгохоор бүтэн сар гаруй явсан ч одоо хэр нь оношоо тогтоолгож чадаагүй тухай гомдолложээ. Хүзүүн дээр нь гарсан зүйлийг оношилж чадахгүй байгаа аж.

Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны өрхийн эмч нарт хүүхэд үзүүлэхээр онош тавьж чаддаггүй, амралтын өдөр буюу бямба гаригт дадлагын эмч нар ажиллаж байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулахыг  №1603250390 дугаараар хандсан зочин хэлжээ.

Мөн №1603256427 дугаараар холбогдсон зочин “Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нуруу нугасны гавлын мэс заслын тасгийн эмч Содбилэгт тархины зураг авахуулж уншуулах гэсэн уншиж чадахгүй гэж байна гэж гомдол мэдүүлсэн байгаа юм.

Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайдыг томилж чадахгүй байгаа Ерөнхий сайд сайн дураараа огцрох хэрэгтэй гэх саналыг №1603253199 дугаараар холбогдсон иргэн хэлжээ.

Өнөө шөнө улс орон даяар цагийг нэг цагаар урагшлуулан зуны цагийн хуваарьт шилжинэ. Үүнийг эсэргүүцэх иргэн ч байна. №1603256094 дугаараар холбогдсон иргэн энэ тухай “Цаг урагшлах асуудлыг дэмжихгүй байна. Цаг урагшилж байгаагаас хөгшин настай хүмүүс болон хүүхдүүдэд бие организмд хямрал үүсэж байна. Байгалийн жам ёсоор амьдрах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлжээ.

Мөн дараах гомдлууд ирсэн байна. Үүнд №1603250958 дугаартай зочин “Төв аймгийн Эрдэнэ сум 3-р баг Баянтуул суурин гэдэг газрын гэрчилгээг Төв аймгийн Засаг дарга нь олгосон.  Гэтэл энэ газар нь төрийн хамгаалалттай газар учир зарах борлуулахыг хориглоно гэсэн. Холбогдох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хүмүүстэй нь уулзсан боловч мэдэх хүн байхгүй байна.

№1603259419 “Сонгинохайрхан дүүргийн 9-р хорооны Алтайн 9-р гудамжны хогийг нэгдүгээр сараас хойш ачихгүй байна. Арга хэмжээ авч өгнө үү.

№1603257487 дугаараа холбогдсон зочин “Замын цагдаагийн торгуулаа төлсөн байхад torguuli.mn дээр төлөгдсөн гэсэн төлөв гарч ирэхгүй байна. 2015 оны арванхоёрдугаар сар мөн 2016 оны нэгдүгээр сарын торгууль төлөөгүй гэдгээр байсаар байна.

№1603259507 “Их дэлгүүрийн зүүн талын машины зогсоол дээр машин тавьсан гэтэл торгуулийн хуудас ирж байна. Машины дугаар УНЦ-1411 үүнийг шалгаж өгнө үү.

№1603250685 “Замын цагдаагийн тухай хуулийн жолоочийн хариуцлагын тухай хуульд бүс зүүгээгүй бол оноо хасна гэж заасан байгаа.Гэтэл давхар мөнгөн торгууль авч байна. Энэ ямар учиртай юм бэ.  Замын цагдаагийн газарт энэ талаар хэлэх гээд залгахаар утас нь холбогдохгүй юм” гэжээ.

Г.ХОРОЛ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна